Макро эдийн засаг
Макро эдийн засаг(Грекээр "макро" гэдэг нь "том" гэсэн утгатай) гэдэг нь эдийн засгийн бүтэц, үйл хөдлөл, шийдвэр гаргалт, үр дүнг бүхэлд нь нэгтгэдэг эдийн засгийн салбар юм. Үүнд улс орны, бүс нутгийн, дэлхийн эдийн засаг багтана. Макро болон микро эдийн засаг нь эдийн засгийн хамгийн нийтлэг хоёр салбар юм. Макро эдийн засагтай харьцуулахад микро эдийн засаг нь хувь хүн болон пүүсүүдийн шийдвэр гаргалтын үйл хөдлөлийг судалдаг.
Макро эдийн засаг нь эдийн засаг хэрхэн ажилладагийг судлахын тулд дотоодын нийт бүтээгдэхүүн, инфляци, үндэсний орлого, үнийн индекс болон салбаруудын хамаарал зэрэг том үзүүлэлтүүдийг судалдаг. Макро эдийн засагчид үндэсний орлого, гарц, хэрэглээ, ажилгүйдэл, инфляци, хадгаламж, хөрөнгө оруулалт, олон улсын худалдаа, олон улсын санхүү зэрэг хүчин зүйлсийн хамаарлыг судлах гэж загваруудыг хөгжүүлдэг.
Макро эдийн засаг нь маш өргөн салбар боловч хоёр сэдвийг энэ салбарт их судалдаг: тухайн орны орлогын богино хугацааны хэлбэлзэлийн(бизнес цикл) учир шалтгааныг ойлгох, урт хугацааны эдийн засгийн өсөлтийн хүчин зүйлсийг ойлгох. Макро эдийн засгийн загварууд болон таамаглалуудыг засгийн газар эдийн засгийн бодлого тодорхойлоход ашигладаг.
Ерөнхий макро эдийн засгийн ойлголтууд
[засварлах | кодоор засварлах]Макро эдийн засагт олон янзийн ойлголтууд байдаг хэдий ч ерөнхийдөө макро эдийн засгийн судалгаанд гурван гол ойлголт байдаг. Макро эдйин засгийн онолуудад ихэвчлэн гарц, ажилгүйдэл болон инфляцыг оруулсан байдаг. Эдгээр ойлголтууд нь макро эдийн засгаас өөр салбарт ч чухал байдаг.
Үйлдвэрлэл ба орлого
[засварлах | кодоор засварлах]Үндэсний орлого нь улс орон тухайн хугацаанд үйлдвэрлэсэн бүх зүйлийн хэмжээ юм. Үйлдвэрлэгдээд, борлуулагдсан юмс бүр тэнцүү орлогыг бий болгож байдаг. Тийм ч учраас үйлдвэрлэл ба орлогыг адил хэмээн авч үздэг. Нийт гарц гэдгийг нийт орлого гэж үзэж ч болно. Эцсийн бүтээгдэхүүн болон үйлчилгээний нийт үнэ цэнэ эсвэл эдийн засагт нэмэгдсэн нийт өртөгийн нийлбэр юм. Макро эдийн засгийн гарц нь ихэвчлэн [[ДНБ|ДНБ-ээр[[ эсвэл бусад үндэсний хэмжээний үзүүлэлтүүдээр хэмжигддэг. Эдийн засагчид урт хугацаанд эдийн засгийн өсөлтийн талаар их сонирхдог. Технологийн шинэчлэл, капиталын хуримтлал, илүү сайн боловсрол болон хүн капитал нь эдийн засгийн гарцыг нэмэгдүүлдэг. Гэсэн хэдий ч гарц нь байнга нэмэгдээд байдаггүй.Бизнес цикл богино хугацааны бууралтыг үүсгэж болох бөгөөд үүнийг эдийн засгийн уналт гэдэг. Эдийн засагчид эдийн засгийг уналтад оруулахгүй харин илүү хурдацтай урт хугацааны өсөлтөд хөтлөх макро эдийн засгийн бодлогыг эрэлхийлж байдаг.
Ажилгүйдэл
[засварлах | кодоор засварлах]Эдийн засгийн ажилгүйдлийн хэмжээг ажилгүйдлийн түвшингээр тогтоодог, ажиллах хүчний хэдэн хувь нь ажилгүй байгааг илэрхийлнэ. Ажиллах хүчний ажилгүйдлийн түвшинд зөвхөн ажил хийж байгаа хүмүүсийг оруулдаг. Тэтгэвэрт гарсан, сурч байгаа эсвэл ажил хайхаа больсон хүмүүсийг оруулдаггүй.
Ажилгүйдлийг учир шалтгааных нь хувьд хэд хэд ангилдаг: Ихэнх хүмүүс ажил солих үед үүсэх түр зуурын ажилгүйдлийг завсрын ажилгүйдэл гэх бөгөөд гэхдээ ажилчид шинэ ажилд ороход тодорхой хугацаа шаарддаг тул түр зуурын ажилгүйдэл үүсдэг байна. Ихэнхдээ өөрсдийн хүсэлтээр ажлаа сольж байгаа хүмүүс хамрагдах учир сайн дурын шинжтэй зүй ёсны ажилгүйдэл байна. Түр зуурын ажилгүйдэл, түүний үүсэх нөхцөлүүд:
- Ажлын байр хомсдосноос шинэ ажлын байр хайх үед
- Хүмүүс сонирхолтой ажилд шилжих үед
- Улирлын шинж чанартай ажил гүйцэтгэж байснаас
- Хүмүүс богино хугацааны сургалтад хамрагдах үед
- Зарим пүүс хаагдаж, зарим нь шинээр байгуулагдаж хүмүүс нэгээс нөгөөд шилжих үед шилжилтийн улмаас үүссэн ажилгүйдлийн мэргэжил дадлага нь урьдын адил эрэлт хэрэгцээтэй байгаа учраас ажиллах хүчээ шууд худалдах боломжтой байх ба богино хугацаатай сайн дурын ба түр зуурын шинжтэй байна.
Нийгмийн хөгжил, шинжлэх ухаан технологийн дэвшлийн үр дүнд хэрэглэгчдийн эрэлт, түүний бүтэц, техник технологи байнга өөрчлөгдөж байдаг. Иймд хуучин мэргэжил шаардлагагүй болж шинэ мэргэжлүүд шаардлагатай болдог учир бүтцийн ажилгүйдэл бий болдог байна. Тухайн хүний ажил мэргэжил, амьдралд эрэлтгүй болох эсвэл дадлага чадвар дутах үед гарч байгаа ажилгүйдлийг бүтцийн ба албадлагын ажилгүйдэл гэнэ. Энэ нь дараах хүчин зүйлээс хамаарна.
- Хэрэглэгчдийн хэрэгцээ, тоо, чанарын хувьд байнга өөрчлөгдөж байдаг учир
- Үйлдвэрлэлийн технологийн шинэчлэлийн улмаас
- Үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх шинэ шинэ бүтээлч нээлтүүд бий болсноос үйлдвэрийн технологийг өөрчлөх шаардлагатай учир.
Үйлдвэрлэлийн уналтын үед буюу нийт гарцын бууралтын үед гарч байгаа ажилгүйдлийг мөчлөгийн ажилгүйдэл гэнэ.
- Улс орны эдийн засаг хямралд орох
- Үйлдвэрлэлийн уналт ба бууралтаас хамаараад
- Бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлт эрс буурсан учир гэх мэт
Инфляци ба дефляци
[засварлах | кодоор засварлах]Эдийн засгийн ерөнхий үнийн түвшин өсөхийг инфляци гэдэг. Харин үнэ унавал дефляци үүсдэг. Эдгээрийг хэмжихдээ үнийн индексийг ашигладаг. Эдийн засаг хэтэрхий хурдан өсөхөд инфляци үүсэх магадлалтай байдаг бол уналттай үед дефляци үүсгэх магадлалтай байдаг.
Төв банк мөнгөний бодлогоор үнийн хэлбэлзэлийг хянахыг эрмэлздэг. Бодлогын хүүг нэмэх эсвэл мөнгөний нийлүүлтийг багасгаснаар инфляцыг бууруулдаг. Инфляци нь тодорхой бус байдал болон өөр бусад сөрөг үр дагаваруудад хүргэх боломжтой байдаг. Харин дефляци эдийн засгийн гарцыг бууруулдаг. Төв банк үнийн хэлбэлзлээс эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллөөс эдийн засгийг хамгаалахын тулд үнийг тогтвортой байлгах гэж хичээдэг.
Макро эдийн засгийн загварчлал
[засварлах | кодоор засварлах]Нийт эрэлт - нийт нийлүүлэлт
[засварлах | кодоор засварлах]Нийт эрэлт, нийлүүлэлтийн загвар(AD-AS загвар) нь макро эдийн засгийг тайлбарладаг стандарт сурах бичгийн загвар болсон. Энэхүү загвар нь нийт эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийн хувьд үнийн түвшин болон гарцын(үйлдвэрлэл) түвшинг харуулдаг.
Уламжлалт Кэйнсийн онолоор бол нийт нийлүүлэлтийн муруй потенциал үйлдвэрлэлийн(бүрэн ажил эрхлэлттэй үе) түвшинд мэдрэмжгүй болдог. Эдийн засаг потенциал үйлдвэрлэлээс илүүг үйлдвэрлэх боломжгүй учир нийт эрэлт илүү их нэмэгдэх нь илүү их үйлдвэрлэлийг бий болгохоос илүүтэй үнийг өсгөдөг байна.
Нийт эрэлт, нийлүүлэлтийн загвар нь макро эдийн засгийн олон үзэгдлийг загварчилж чадна. Үнийн бус хүчин зүйлсийн өөрчлөлт нь нийт эрэлтийн муруйг шилжихэд нөлөөлнө. Тухайн барааны эрэлт нь нийлүүлтээс их байх үед эрэлтээс үүдэлтэй инфляци үүсдэг. Үүний улмаас нийт эрэлтийн муруй илүү өндөр үнийн түвшинрүү шилждэг. Эдийн засагт зардал их болоход зардалаас үүдэлтэй инфляци үүсэж нийт нийлүүлтийн муруй илүү өндөр үнийн түвшинрүү шилждэг.
IS-LM загвар
[засварлах | кодоор засварлах]IS-LM загвар нь бүтээгдэхүүн болон мөнгөний зах зээлүүдийн тэнцвэрийг хангадаг хүү болон үйлдвэрлэлийн хэмжээг харуулдаг. Бүтээгдэхүүний зах зээл нь хөрөнгө оруулалт болон хадгаламжийн(IS) тэнцвэрээс, мөнгөний зах зээл нь мөнгөний нийлүүлэлт болон эрэлтийн тэнцвэрээр илэрхийлэгддэг. IS муруй нь хүү өгөгдсөн үеийн хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл өгөгдсөн үеийн хадгаламжтай тэнцэх цэгүүдийг агуулдаг. Энэхүү загвар нь мөнгөний болон төсвийн бодлогын нөлөөг харуулахын тулд ашиглагддаг.
Өсөлтийн загварууд
[засварлах | кодоор засварлах]Солоугийн өсөлтийн загвар нь урт хугацааны эдийн засгийн өсөлтийг тайлбарладаг хамгийн энгийн, ерөнхий загвар юм. Загвар нь үйлдвэрлэлийг капитал болон хөдөлмөрөөс хамааруулдаг үйлдвэрлэлийн функцыг ашигладаг. Загварт ажилгүйдэл болон капиталын өөрчлөлт байхгүй үед хөдөлмөр болон капитал нь тогтмол түвшинд ашиглагддаг гэж үздэг.
Эдийн засгийн өсөлт нь капиталын хэмжээ нэмэгдэх, хүн ам ихсэх эсвэл технологийн дэвшил гарсан үед л гарна. Хадгаламжийн хэмжээ ихсэх нь капиталын хэмжээг нэмэгдүүлж эдийн засагт түр зуурын өсөлтийг бий болгодог. Гэхдээ элэгдлийн хувь капиталын өсөлтийг хязгаарладаг. Солоугийн загварын дагуу нэг хүнд ногдох үйлдвэрлэлийн өсөлт нь зөвхөн бүтээмжийг нэмэгдүүлдэг технологийн дэвшилээс хамаардаг гэж үздэг.
Макро эдийн засгийн бодлого
[засварлах | кодоор засварлах]Макро эдийн засгийн бодлого ерөнхийдөө төсвийн болон мөнгөний бодлогоор дамжин хэрэгждэг. Хоёулаа л эдийн засгийг тогтвортой өсөлттэй буюу бүрэн ажил эрхэлттэй эдийн засгийн хэмжээнд хүргэхийг эрмэлздэг. Макро эдийн засгийн бодлого нь бизнес циклын нөлөөг хязгаарлаж үнийн тогтвортой байдал, бүрэн ажил эрхлэлт болон өсөлт зэрэг эдийн засгийн зорилгуудад хүрэх тал дээр анхаардаг.
Мөнгөний бодлого
[засварлах | кодоор засварлах]Төв банк хэд хэдэн арга замаар мөнгөний нийлүүлэлтийг хянаж мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг. Төв банк бонд худалдан авч зах зээл дээрх мөнгөний нийлүүлтийг ихэсгэж, хүүг бууруулдаг. Мөн эсрэгээрээ төв банк бонд гарган худалдаалж зах зээл дээрх мөнгийг хумидаг.
Төв банк зорилтод бодлогын хүүг барьж байхын тулд мөнгөний нийлүүлэлтэнд нөлөөлж байдаг. Харин зарим нь хүүг хэлбэлзэхийг зөвшөөрч оронд нь инфляцийн түвшинг онилж байдаг. Төв банк ерөнхийдөө аль болох бага инфляцын түвшинд илүү их үйлдвэрлэлийг бий болгохыг зорьдог.
Уламжлалт мөнгөний бодлого зарим үед үр дүнгүй болдог. Хүү болон инфляци бараг "0"-тэй ойролцоо үед төв банк мөнгөний бодлогыг уламжлалт арга барилаар хэрэгжүүлж болохгүй. Харин уламжлалт бус quantitative easing гэх бодлогыг хэрэгжүүлж болно. Төв банк өвхөн засгийн газрын бонд худалдаж авахаас гадна байгууллагын бонд, хувьцаа болон бусад үнэт цаас худалдан авч эдийн засгийг дэмжиж болно.
Төсвийн бодлого
[засварлах | кодоор засварлах]Төсвийн бодлого нь засгийн газрын орлого болон зарлагыг хэрэгсэл болгон ашиглаж эдийн засагт нөлөөлөх бодлого юм. Жишээ нь хэрэглээ, татвар, өр зээл гэх мэт..
Хэрвээ эдийн засаг потенциал үйлдвэрлэлээс багийг үйлдвэрлэж байвал засгийн газрын нэмэлт зардал ашиглагдаагүй байгаа нөөц хөрөнгийг зах зээлд оруулж үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломжтой. Засгийн газрын хэрэглээ үйлдвэрлэлийн бүхий л зөрүүг хангах шаардлагагүй. Засгийн газрын хэрэглээний нөлөө нь үржигддэг. Жишээлбэл засгийн газар гүүр барьлаа гэе. Энэхүү төсөл нь гүүрийн өртөгийг үйлдвэрлэлд нэмэхээс гадна ажилчид өөрсдийн хэрэглээ болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж олгодог.
Мөн засгийн газар олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлбэл хувийн салбарын хэрэглэх нөөцийг хязгаарладаг. Эдийн засагт нэмэлт үйлдвэрлэл нэмэхийн оронд хувийн салбарын хийх юмыг засгийн газар хийдэг. Мөн засгийн газрын хэрэглээ хүүгийн түвшинг нэмэгдүүлж улмаар хөрөнгө оруулалтыг хязгаарлах явдал ч бий. Зарим хүмүүс эдийн засгийн уналтад орсон, нөөц бүрэн ашиглагдаагүй болон хүү бага үед энэ нь асуудал биш хэмээн маргадаг.