Сири
Арабын Бүгд Найрамдах Сири Улс | |
---|---|
Уриа: وَحْدَةٌ ، حُرِّيَّةٌ ، اِشْتِرَاكِيَّةٌ Вахда, Хуррия, Иштиракия "Эв нэгдэл, Эрх чөлөө, Социализм" | |
Төрийн дуулал: حُمَاةَ الدِّيَارِ Хумат ад-Дияр "Эх нутгийн харуул" | |
Сири хар ногооноор, Туркийн Хатай муж болон Израилын эзэлсэн Голаны өндөрлөгийн ихэнх хэсгийг цайвар ногооноор | |
Нийслэл ба томоохон хот | Дамаск 33°30′N 36°18′E / 33.500°N 36.300°E |
Албан ёсны хэл | Араб хэл[1] |
Угсаатны бүлгүүд (2023[2]) | 74–75% Арабчууд 9.5–10% Курдүүд 15–16.5% Бусад (Туркоманууд, Ассиричууд, Черкесүүд, Арменичууд ба бусдыг оруулан)[2][3] |
Шашин | 87% Ислам 10% Христ[2] 3% Друз |
Ард түмний нэршил | Сиричууд |
Төр засаг | Тоталитар[4] удамшлын дарангуйлал дор нэгдмэл ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс[5] |
Башар Асад | |
Нажах аль-Аттар | |
Хусейн Арнус | |
Хаммуд Саббаг | |
Хууль тогтоох байгууллага | Ардын Ассамблей |
Байгуулагдсан | |
3 сарын 8, 1920 он | |
• Францын Мандат дор Сири Улс | 12 сарын 1, 1924 он |
5 сарын 14, 1930 он | |
• Де-юре тусгаар тогтнол | 10 сарын 24, 1945 он |
• Де-факто тусгаар тогтнол | 4 сарын 17, 1946 он |
9 сарын 28, 1961 он | |
3 сарын 8, 1963 он | |
2 сарын 27, 2012 он | |
Газар нутаг | |
• Нийт | 185,180[6] км2 (87) |
• Усны эзлэх талбай (%) | 1.1 |
Хүн ам | |
• 2023 тооцоо | 22,933,531[7] (59) |
• Нягтаршил | 118.3/км2 (70) |
ДНБ (ХАЧП) | 2015 тооцоо |
• Нийт | $50.28 тэрбум[8] |
• Нэг хүнд ноогдох | $2,900[8] |
ДНБ (нэрлэсэн) | 2020 тооцоо |
• Нийт | $11.08 тэрбум[8] |
• Нэг хүнд ноогдох | $533 |
ОТББИ (2014) | 55.8[9] өндөр |
ХХИ (2021) | 0.577[10] дундаж · 150 |
Мөнгөний нэгж | Сирийн фунт (SYP) |
Цагийн бүс | UTC+3 |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +963 |
ISO 3166 код | SY |
Домэйн нэр | .sy سوريا. |
Си́ри (араб. سُورِيَا, Сурия), албан ёсоор Арабын Бүгд Найрамдах Сири Улс (араб. ٱلْجُمْهُورِيَّةُ ٱلْعَرَبِيَّةُ ٱلسُّورِيَّةُ, Альжумхурия альарабия ассурия) — нь Өрнө Азид оршдог бүрэн эрхт улс юм.
Сири өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил, Ливантай хиллэдэг.
185 мянган км² газар, 17 сая хүн амтай. Нийслэл нь Дамаск, хамгийн том хот нь Халеб (Алеппо) юм.
Сирийн эрэг, үржил шимт голын сав газар, уул, цөл газарт араб, курд, ассир, армен, черкес, турк ард түмэн ислам шашны суннит, шийт урсгал, христ, друз шашин шүтлэгтэй амьдарч байна. Нутгийн зонхилох араб хэл албанд хэрэглэгдэнэ.
Эрт дээр үеэс нааш Сири Левант гэдэг газрын нэг хэсэг байж, семит төрлийн хэлтэн амьдарч иржээ. НТӨ 3-р мянганы тэртээгээс төр засаг тогтож христийн, лалын шашинт төр улс оршин тогтнож байв. Османы харьяанд байснаа Дэлхийн нэгдүгээр дайны дараа Францын эрхэнд орж 1946 онд Сири улс болон тусгаар тогтножээ. 1958 онд Египеттэй нэгдэж нэг улс болсон ч 1961 онд төрийн эргэлтээр цуцлагдаж Сири улс дангаар үргэлжлэн оршжээ. Сири төрийн нэгдмэл байгууламж, парламент-ерөнхийлөгчийн мэдэлд тэгш бүгд найрамдах засагтай улс юм. 1963 оноос хойш нэг нам төрийн эрхэнд ноёрхсоор байгаа бөгөөд 2000 оноос хойш Башар Асад эцгийн орыг залган ерөнхийлөгч болсон.
НҮБ, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн зэрэг олон улсын байгууллагын гишүүн, Арабын холбооны гишүүн асан (2011 оноос хойш түдгэлзэгдсэн), Лалын хамтын ажиллагааны байгууллага, Газар дундын орны холбоонд гишүүн элсчээ. 2011 оноос Арабын хаварын хүрээнд эхэлсэн Сирийн иргэний дайн өнөөг хүртэл үргэлж байна.
Хадмал толь | |
Монгол бичиг | Сирикирил |
---|---|
Араб үсэг | سورياараб - Sūriyā → Сурья, Сурия, Сури, Сурь, Сур |
Өрнийн латин | Syriaангли Syrieфранц |
Кирил үсэг | Сирияорос, казах |
Исламын латин | Suriyaазербайжан Suriyeтурк |
Ханз үсэг | 叙利亚хятад → Шулия |
Кирил монгол бичигт тийн ялгалаар: Сири, Сирийн, Сирид, Сирийг, Сириэс, Сириэр, Сиритэй, Сири рүү гэж хувилна. |
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Сири 185,180 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, дэлхийн 88-р том орон юм.
Байрлал
[засварлах | кодоор засварлах]Хойд өргөргийн 32° — 38°, зүүн уртрагийн 35° — 43° дотор Арабын хойгийн умард талаар Өрнө Ази, Өрнө өмнөд Азид хамааран байна. Өрнөд талаараа Газар дундын тэнгисийн 193 км эрэгтэй. Бусад талаараа Турк (822 км), Ирак (605 км), Иордан (375 км), Израил (76 км), Ливан (375 км) гэсэн таван улстай хиллэдэг.
Газрын тогтоц
[засварлах | кодоор засварлах]Сири орны газар нутгийг өрнөд эргийн зурвас, өндөрлөг уул нуруу, дорно этгээдийн тэгш өндөрлөг гэж гурав ангилна.
Тэнгисийн 65 км өргөн мандлыг Сири хамаардаг. Гол боомт нь Латакия.
Ансар уулын нуруу эрэг дагуу 32 км өргөнтэй, дунджаар 1200 м өндөрт сунайна. Хамгийн өндөр уул нь Набиюнис (1575 м) болно. Баруун бэлээр үржил шимтэй. Ливантай хиллэдэг баруун өмнөд хилээр Антиливан нуруу байна. Сири орны хамгийн өндөр Хермон уул (2814 м) энд, хил дээр байна. Хоёр нурууны дундуур «Сирийн хаалга» хэмээх хочтой Хомсын зай хэмээх нам доор даваа, гарц бий. Нутгийн өмнөд үзүүрт Друз хөвч уул өргөгджээ.
Нуруудаас дорно зүгт уудам тэгш өндөрлөг байна. Сирийн цөл, Хомсын цөл оршино.
Ус, хөрс
[засварлах | кодоор засварлах]Сирийн нийт гадаргын усны 80% Евфрат мөрний сав газарт хамаарна. Евфрат мөрөн нутгийн дундуур Хабур, Балих зэрэг цутгалын хамт урсдаг.
Евфратын дорнод зүгийн Жазира нутаг болон өмнөд нутгийн Хауран газар үржил шимт хөрстэй. Нийт нутгийн 24.8% газар тариаланд тохиромжтой.
Хамгийн нам доор цэг Тивер нуур (-200 м) болно.
Ашигт малтмал
[засварлах | кодоор засварлах]Газрын тос, фосфат, манган, төмрийн хүдэр, давс, гантигийн нөөцтэй.
Газрын тосны нөөц Дайрэззаур хавьд байна.
Хүн ам зүй
[засварлах | кодоор засварлах]Он | Хүн ам |
---|---|
1960 | 4,565,000 |
1970 | 6,305,000 |
1981 | 9,046,000 |
1994 | 13,782,000 |
2004 | 17,921,000 |
2014 | 17,952,000 |
Сири улсад 2014 оны байдлаар 17,952,000 хүн оршин сууж байна. Үүнд 0-14 насны багачууд 35%, 15-64 насны хөдөлмөрийн чадвартан 61%, 65-аас дээш өндөр настан 3.8%-ийг бүрдүүлж байна. Дундаж наслалт - 71.2 жил. Хүйсийн харьцаа - 1.05 эр/эм. Хүн амын жилийн бууралт - 0.8%. Уул нь хүн амын тоо 22 сая байхаас Сирийн иргэний дайны уршгаар 4 сая хүн гадаад оронд дүрвэлээ. Хүн амын 79.6% бичиг үсэгт тайлагдсан. Эрэгтэйд 86.0%, эмэгтэйд 73.6% байна.
Ард түмэн
[засварлах | кодоор засварлах]Яс үндэс | Хувь |
---|---|
Араб угсаатан | 90.3% |
Курд үндэстэн г.м. | 9.7 % |
Сирийн хүн амын олонх нь 90.3%-ийг араб угсаатан бүрдүүлдэг. Үлдсэн 10%-д курд үндэстэн зонхилно. Задалж үзвэл Сирийн араб, Палестины араб, ассир, туркмен, черкес, армени яс үндэстэн байна. Ирак, Мальта, Йордан, холын Бразилаас ирсэн оршин суугчид бий.
Хэл, шашин
[засварлах | кодоор засварлах]Нутгийн зонхилох бөгөөд албан ёсны хэл нь араб хэл бөгөөд араб үсгээр бичдэг. Левант, Месопотамын янз, аялгуугаар хэлэлцэнэ. Цөөнх ард түмэн курд, турк, армен, ассир хэлтэй. Гадаад хэлнээс англи, франц хэлийг суралцдаг.
Шашин шүтлэг | Хувь |
---|---|
Лалын шашин | 87 % |
Христийн шашин | 10 % |
Друз шүтлэг | 3 % |
Сирийн хүн ардын 74% лал шашны суннит урсгалын шүтлэгтэй. Үүнд араб, курд, туркмен зэрэг багтана. 13% лал шашны шийт урсгалын шүтлэгтэй. Үүнд араб, курд голчлоно. Ассир, араб гэх мэт ард христийн шүтлэгтэй байх ба тэр нь 10%-ийг эзлэнэ. Друз хүмүүс друз шүтлэгтэй.
Хот суурин
[засварлах | кодоор засварлах]Сирийн хүн амын 56% хот газар суудаг. Томоохон хотоос дурдвал:
|
Түүх
[засварлах | кодоор засварлах]Эртний үе
[засварлах | кодоор засварлах]Сири бол газар тариалан үүссэн нэгэн өлгий юм. Хүрэл зэвсгийн үеийн олдвор Хамукараас олддог. Сурвалжнаа тэмдэглэгдсэн анхны төр улс нь НТӨ 3500 оны тэртээх Эбла (өнөөгийн Идлиб хотын ойр) байв. Месопотамийн Шумер, Ассир, Аккад улс Сирийг эзэмшиж байв. Эртний Египеттэй харьцаж байсан ба II мянганд Ямхад улс Халеб орчим төвлөн оршжээ. Эртнээс семит төрлийн хэлтэн тархан суурьшсан.
Сири эртнээс олон улсын байлдааны талбар байв. Финик, Ассирийн шинэ улс, Вавилонийн шинэ улсын дараагаар Сирийг Персэд мандсан Ахемены улс, дараа нь грек Македон, Армени, Ромын мэдэлд оров. Нутгийн арамай хэлтнээс Пальмирын улс 3-р зуунд хэсэг мандав. Сири Ромын хүн ам олон, баян мужийн тоонд орж байв. Христийн шашин дэлгэрсэн.
Дундад зуун
[засварлах | кодоор засварлах]626 онд Мухаммад Сиритэй холбогдож байв. 640 онд арабын Рашидуны цэрэг Сирийг байлдан дагуулав. Умаяны улс түүнийг залгаж Дамаскийг нийслэлээ болгов. Умаяныг Багдадад төвлөсөн Аббасын улс залгамжлав. Умаяны улсын үеэс араб хэл зонхилох хэл болж, Византын үеийн грек, арамай хэлийг шахан сулруулсан. 887 онд Египетийн Тулуны улс Сирийг салгаж авсан ба Хамданы улс Халебад төвлөв.
Загалмайтны аян дайны үеэр Сирийг Франц, Англи, Итали, Германы хүчин 1089-1189 оны хооронд эзэлж байсан бол уулархаг нутгийг Ассасин эзэлжээ. Селжукийн харьяаны дараа курд ноён Саладины Кайрт байгуулсан Аюбын улсын нутаг болов. Хожим энэ улсын төв нь Халеб хот болов. 1260 онд Хүлэгүгийн монгол цэрэг Халебыг эзэлж авсан ч Египетэд төвлөсөн мамлюкийн цэрэг Айн-Жалутад монголыг цохиж, мамлюкын Байбар ноён Дамаскийг мужийн төв болгожээ. 1400 онд түрэг монгол байлдан дагуулагч Төмөр мамлюкийг хөөж Сирийг эзэлж байв.
Османы нутаг
[засварлах | кодоор засварлах]1516 онд туркийн Османы улс Египетийн мамлюкийг дийлж Сирийг эрхэнд оруулж 400 жил ноёрхов. Османы харьяанд Сири дуулгавартай дасан зохицов. Учир нь туркууд араб хэл, Коран судар, лал шашныг өмгөөлөгч болжээ. Дамаск лал шашны ариун газар Мекка хүрэх замын боомт болов.
1864 оны шинэтгэлийн дараа Алеппо, Зор, Бейрут, Дамаск, Ливан, Иерусалим зэрэг саланги муж болсон байв.
Дэлхийн нэгдүгээр дайнд Герман, Австри-Унгартай нэг тал болсон Осман ялагдаж газар нутаг нь Британи, Францын эрхэнд оров. Энэ үед Османы зүгээс эндэх христийн шашинт армен, ассир ардыг хомроглон устгасан явдал гарчээ.
Францын эрх
[засварлах | кодоор засварлах]1920 онд Үндэстний холбооноос Сирийг товхинуулах эрхийг Францад өгсөн ба сөргөлдсөн нутгийн ноёныг дарж Францын цэрэг Сирид нэвтэрсэн. 1925 онд Друз уулнаас бослого гарч, 1927 онд Франц бослогыг дарж, алдсан хотуудыг эргүүлэн авсан. 1936 онд Франц Сирийг тусгаар тогтнуулах гэрээнд гарын үсэг зурж Хашим Атасси анхны ерөнхийлөгч болжээ. Гэхдээ Францын хууль тогтоох байгууллага татгалзсанаар Сирийг эрхэндээ байлгасаар байв. Дэлхийн хоёрдугаар дайны эхэнд Сири Германы мэдлийн Францын засгийн мэдэлд оров. 1941 онд Британийн хүчин Сирийг чөлөөлж, шаардсаар байсанд Францын цэрэг 1946 онд Сирийг орхин гарч Сири жинхэнээсээ тусгаар тогтножээ.
Тусгаар тогтнол
[засварлах | кодоор засварлах]1948 онд Сири Израилын эсрэг дайнд арабын бусад орны хамтаар оролцсон. Цэргийнхэн төрд оролцоо ихтэй байв. 1954 оны төрийн эргэлтээр парламентын давамгай эрхт засагт шилжив. Араб үндсэрхэг үзэл болон социалист хөдөлгөөн өрнөж байв. 1958 онд хоёр улсын удирдлагын шийдвэрээр Египет Сири хоёр улс нэгдэж Арабын Нэгдсэн Бүгд Найрамдах Улс (АНБНУ) гэсэн холбооны улс болов. Холбооны улсад Сирийн эрх мэдэл, эдийн засгийн байдал дутмаг байснаас Сирийн Баас нам, цэргийнхэн төрийн эргэлт хийж 1961 онд холбооноос гарч дахин Сири улсаа залжээ. Түүнээс хойш Арабын Социалист Баас Нам (АСБН) төрийн эрхэнд байдаг болов.
1967 оны эхэнд Сири-Израйлын багахан дайн болов. Израйль Египеттэй зургаан өдөр дайтахад Сири Израйлын эсрэг оролцов. Дайн дуусахаас 48 цагийн өмнө Израил Сирийн фронт руу анхаарч Голаны өндөрлөгийн 2/3 хэсгийг эзэлж авсан ба гал зогсоох шугам татсанаар Израил эзэлж авсан хэсгээ өнөөдөр хүртэл хянаж байна. Олон улс Голаны өндөрлөгийн эзлэгдсэн хэсгийг Сирийн нутаг гэж үздэг.
1973 онд Египет Сири хамтарч Израйльтай дайтсан ч Израйль ухраасан. 1976 онд Ливаны иргэний дайн дэгдэхэд Сири цэрэг орулсан. Дайн дууссаны дараа үргэлжлэн байсаар 2005 оны Ливаны иргэд нийтийн эсэргүүцэл цуглааны дараа цэргээ татан авчээ.
1970-аад оноос лалын суннит шашинтны Мусульман ахан дүүс зэвсэгт бүлэг алавит шийт шашинтай Хафез Асад ерөнхийлөгчийн эсрэг зэвсэглэн боссон ба Сирийн зэвсэгт хүчин 1982 онд Хама хотод 20000 хүний амийг авчээ. Сири-Израйлийг найрамдуулах зорилготой Мадридын хурал (1991), олон уулзалт болсон ч амжилт олоогүй.
Хафез Асадыг 2000 онд нас барахад хүү Башар Асад залган улсын ерөнхийлөгч болсон. 2000-аад онд Сирийн араб-курдын хооронд мөргөлдөөн болж байв. 2005 онд Сири Ливан дахь цэргээ татаж авсан. 2006 оны Ливаны дайнд Сири Хезболлагийн талд байж Иранаас явсан тусламжийн ачааг дамжин өнгөрүүлж өгчээ. Израйль террорист байгууллагын үүр хэмээн Сирийн хэд хэдэн газрыг бөмбөгдсөн.
Иргэний дайн
[засварлах | кодоор засварлах]Арабын хавар хөдөлгөөний хүрээнд ерөнхийлөгч Башар Асадын (шийт шашинтай) эсрэг жагсаал хөдөлгөөн 2011 онд өрнөсөн. Сирийн цэрэг хүчлэн тараасчаар Сирийн босогчид зэвсэглэн иргэний дайн болжээ. Сирийн иргэний дайнд Исламын улс (суннит), Рожава (курд) зэрэг сөргөлдөгч тал нэмэгдэж 400,000 хүн амь үрэгдэж, 4 сая хүн эх орноосоо дайжин дүрвээд байна.
Лавлах бичиг
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Constitution of the Syrian Arab Republic – 2012" (PDF). International Labour Organization. Татаж авсан: 31 August 2020.
- ↑ 2.0 2.1 2.2 "Syria: People and society". The World Factbook. CIA. 10 May 2022.
- ↑ "Largest Ethnic Groups In Syria". WorldAtlas. 7 June 2018. Татаж авсан: 18 August 2022.
- ↑
- Khamis, B. Gold, Vaughn, Sahar, Paul, Katherine (2013). "22. Propaganda in Egypt and Syria's "Cyberwars": Contexts, Actors, Tools, and Tactics". In Auerbach, Castronovo, Jonathan, Russ (ed.). The Oxford Handbook of Propaganda Studies. 198 Madison Avenue, New York, NY 10016: Oxford University Press. p. 422. ISBN 978-0-19-976441-9.
{{cite book}}
: CS1 maint: location (link) CS1 maint: multiple names: authors list (link) - Wieland, Carsten (2018). "6: De-neutralizing Aid: All Roads Lead to Damascus". Syria and the Neutrality Trap: The Dilemmas of Delivering Humanitarian Aid Through Violent Regimes. 50 Bedford Square, London, WC1B 3DP, UK: I. B. Tauris. p. 68. ISBN 978-0-7556-4138-3.
{{cite book}}
: CS1 maint: location (link) - Ahmed, Saladdin (2019). Totalitarian Space and the Destruction of Aura. State University of New York Press, Albany: Suny Press. pp. 144, 149. ISBN 9781438472911.
- Hensman, Rohini (2018). "7: The Syrian Uprising". Indefensible: Democracy, Counterrevolution, and the Rhetoric of Anti-Imperialism. Chicago, Illinois: Haymarket Books. ISBN 978-1-60846-912-3.
- Khamis, B. Gold, Vaughn, Sahar, Paul, Katherine (2013). "22. Propaganda in Egypt and Syria's "Cyberwars": Contexts, Actors, Tools, and Tactics". In Auerbach, Castronovo, Jonathan, Russ (ed.). The Oxford Handbook of Propaganda Studies. 198 Madison Avenue, New York, NY 10016: Oxford University Press. p. 422. ISBN 978-0-19-976441-9.
- ↑
- "Syrian Arab Republic". Federal Foreign Office. 13 January 2023. Archived from the original on 25 March 2023.
- "Syria: Government". CIA World Factbook. Archived from the original on 3 February 2021.
- "Syria Government". Archived from the original on 27 January 2023.
- "Syrian Arab Republic: Constitution, 2012". refworld. 26 February 2021. Archived from the original on 5 March 2019.
- ↑ "Syrian ministry of foreign affairs". Archived from the original on 2012-05-11.
- ↑ "Syria". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан: 22 June 2023.
- ↑ 8.0 8.1 8.2 "Syria". The World Factbook. Central Intelligence Agency. Татаж авсан: 7 April 2021.
- ↑ "World Bank GINI index". World Bank. Татаж авсан: 22 January 2013.
- ↑ "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан: 8 September 2022.