ГУЛАГ
ГУЛАГ (орос. Главное управление исправительно-трудовых лагерей гэсэн үгний товчлол юм- монгол. "Хөдөлмөр эрхлэн засан хүмүүжүүлэх лагериудын удирдах ерөнхий газар")-ЗХУ-ын Дотоод хэргийн Ардын Комиссаруудын газар (орос. НКВД СССР), ЗХУ-ын Дотоод хэргийн яам (орос. МВД СССР) болон ЗХУ-ын Хууль зүйн яамны (орос. Министерство Юстиции) 1930-1959 онуудад улсын хорих газруудыг удирдаж байсан байгууллага.
1959 оноос хойш Хорих газруудын ерөнхий газар, 1968 оноос хойш Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудын ерөнхий газар (орос. Главное управление исправительно-трудовых учреждений. товч ГУИТУ) болжээ. 1987 онд ЗХУ-ын Дотоод хэргийн яамны Засан хүмүүжүүлэх хэргийн ерөнхий газар (орос. Главное управление по исправительным делам МВД СССР) болж өөрчлөгдсөн.
1992-1998 онд ЗСБНХУ задран унасны дараа ОХУ-ын Дотоод хэргийн яамны Шийтгэл гүйцэтгэх ерөнхий газар (орос. Главное управление исполнения наказаний МВД России. товч. ГУИН) болсон байна. 1998 онд ОХУ-ын Хууль зүйн яаманы харьяа болгож шилжүүлсэн юм.
ОХУ-ын 2004-2005 оны засаг захиргааны шинэчлэлийн үеэр Шийтгэл гүйцэтгэх ерөнхий газрыг Оросын Хууль зүйн яамны Холбооны шийтгэл гүйцэтгэх алба (орос. Федеральная служба исполнения наказаний) болгон өөрчилсөн байна.
ГУЛАГ нь ЗХУ-ын шийтгэлийн тогтолцооны нэг хэсэг байсан бөгөөд Иосиф Сталины үеийн хэлмэгдүүлэлттэй салшгүй холбоотой гэж үздэг. Хоригдлуудыг албадан хөдөлмөрлүүлэх нь 1930-1950-иад онд ЗХУ-ын эдийн засагт бүхэлдээ чухал ач холбогдолтой байсан. ГУЛАГ нь улсын бүтээн байгуулалтад оруулсан нийт хөрөнгийн 10 орчим хувийг эзэлдэг байв. Мөн нүүрс, металл, хүдэр, түүний дотор алт, уран, алмаз, кобальт, апатит олборлох үйлдвэрүүдэд ГУЛАГ-ын ач холбогдол илүү их байсан юм. Алтны 100 хувь, цагаан тугалганы 70 орчим хувь, никелийн 33 хувийг хоригдлууд олборлосон байдаг юм. Тэд мод бэлтгэх нийт ажлын 15%, усан станц болон зам барилгын ажлын багагүй хувийг эзэлж байжээ. Атомын төслийг хэрэгжүүлэх шийдвэрлэх үед (1947-1948) эдгээр байгууламжийн барилгын ихэнх хэсгийг ГУЛАГ-ын хүчээр байгуулсан боловч улс төрийн хэргээр ял эдэлж байсан хүмүүс эдгээр байгууламжид ажиллаагүй байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1929 он хүртэл ЗСБНХУ-ын цагдан хорих газрууд нь Холбооны Бүгд найрамдах улсын дотоод хэргийн Ардын комиссаруудын харьяанд байсан бөгөөд зөвхөн Цагаан тэнгисийн Соловецкийн аралууд дахь "Соловецкийн тусгай зориулалтын лагерь" (орос. Соловецкий лагерь особого назначения, товч. СЛОН /монгол. Заан), улс төрийн тусгаарлах ангиуд нь Нэгдсэн улсын улс төрийн захиргаа ЗХУ-ын Улсын нэгдсэн улс төрийн удирдах газар (орос. Объединённое государственное политическое управление, товч. ОГПУ) -ын харьяанд байв. Хоригдлуудыг хямд ажиллах хүч гэж үздэггүй зөвхөн тэднийг шоронд хорихтой холбоотой гарч буй зардлыг нөхөхөд чиглүүлж байжээ. Үүний нэг нотолгоо нь ихэнх хорих ангиуд хүн ам шигүү суурьшсан, ажиллах хүчний хомсдолгүй газар байрладагтай холбоотой гэж үзэж болох юм. 1926 он хүртэл "Соловецкийн тусгай зориулалтын лагер"-ийн хоригдлуудыг ажиллуулдаггүй "зөвхөн хорлон сүйтгэгчид болон бусад хувьсгалын эсэргүү нарыг нийгмээс найдвартай тусгаарлах зориулалттай газар" байжээ. Бүх Оросын Төв Гүйцэтгэх Хороо (орос. Всероссийский центральный исполнительный комитет, товч. ВЦИК), Зөвлөлт Оросын Ардын Комиссаруудын Зөвлөлийн (орос. Совет народных комиссаров РСФСР ) 1928 оны 3-р сарын 26-ны өдрийн "Шийтгэлийн бодлого, хорих газруудын төлөв байдлын тухай" тогтоолоор хорих газруудыг эдийн засгийн үр ашигтай байх асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн байна. Цагдан хорих газар шинээр барих нь зохисгүй гэж үзэж, хөдөө аж ахуй, үйлдвэр, гар урлалын, идэвхгүй аж ахуйн нэгжүүд эсвэл их засвар хийх шаардлагатай байгаа хөдөлмөрийн хорих ангиудыг нэмэгдүүлэхийг зорилго болгосон байна.
1929 онд СЛОН буюу Соловецкийн тусгай зориулалтын лагерийн туршлагыг ашиглаж, энгийн ажилчдын явахыг хүсэхгүй байгаа газар албадан хөдөлмөр эрхлэх хорих гол газар болгохоор шийдсэн байна. Үүний зэрэгцээ мод бэлтгэх ЗХУ-ын экспортын гол бүтээгдэхүүн тул онцгой ач холбогдолтой байсан бөгөөд нэн шаардлагтай валют олж социалист төлөвлөгөөгөө биелүүлэх хүмүүс нь хоригдлууд (ялангуяа энгийн ажилчдыг татах боломж маш хязгаарлагдмал газар) болж хувирчээ.
1929 оны 7-р сарын 11-нд ЗХУ-ын Ардын Комиссаруудын Зөвлөл "Эрүүгийн хоригдлуудын хөдөлмөрийг ашиглах тухай" тогтоол гаргаж, үүний дагуу 3 ба түүнээс дээш жилийн хугацаагаар ял шийтгүүлсэн бүх хоригдлуудыг ЗХУ-ын Улсын нэгдсэн улс төрийн удирдах газар (ОГПУ) шилжүүлэв. 1930 оны 4-р сарын 25-нд ОГПУ-ын 130/63[8] тушаалаар ЗХУ-ын Ардын Комиссаруудын Зөвлөлийн 1930 оны 4-р сарын 7-ны өдрийн "Албадан хөдөлмөрлөх лагерийн тухай журам"-ын тогтоолыг биелүүлэхийн тулд ОГПУ-ын (ГУЛАГ) Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн лагериуд зохион байгуулагдав.
1934 оны 7-р сарын 10-нд ЗХУ-ын Дотоод хэргийн Ардын комиссариат (орос. НКВД СССР) байгуулагдаж, үндсэн таван хэлтэстэй болжээ. Тэдний нэг нь "Хөдөлмөр эрхлэн засан хүмүүжүүлэх лагериудын удирдах ерөнхий газар" (ГУЛАГ) байв. 1934 онд ЗХУ-ын Дотоод хэргийн Ардын комиссариатын дотоод аюулгүй байдлын хамгаалах ЗХУ-ын харгалзагч цэргийн анги (орос. Конвойные войска СССР) байгуулагдав. 1934 оны 10-р сарын 27-нд Зөвлөлт Оросын Хууль зүйн Ардын комиссариатын бүх засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг ГУЛАГ-ийн мэдэлд шилжүүлсэн байна.
1936 оны 1-р сарын 4-нд ЗХУ-ын Дотоод хэргийн Ардын комиссариатын Инженер, барилгын хэлтэс, 1936 оны 1-р сарын 15-нд Тусгай барилгын хэлтэс, 1936 оны 3-р сарын 3-нд Автозамын барилгын ерөнхий газар байгуулагдав. Инженер, эрдэмтэд шоронд байхдаа мэргэжлээрээ ажиллаж байсан "шарашка" хэмээх Зохион бүтээх төвүүд гарч ирэв. ЗХУ-ын Дотоод хэргийн Ардын комиссариат нь Уул уурхай, металлургийн үйлдвэрүүдийн барилгын ерөнхий газар, Главгидрострой, Главпромстрой, Далстрой (Алс Хойд бүсийн барилгын ерөнхий газар) болон бусад аж ахуйн нэгжүүдийг байгуулан удирдаж байв. ГУЛАГ ЗХУ-ын Дотоод хэргийн яамны 1960 оны 1-р сарын 25-ны өдрийн 020 тоот тушаалын дагуу ЗХУ-ын Сайд нарын зөвлөлийн 1960 оны 1-р сарын 13-ны өдрийн 44-16 тоот тогтоолын дагуу татан буугдсан ба ЗХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн 1960 оны 1-р сарын 13-ны өдрийн "ЗХУ-ын Дотоод хэргийн яамыг шинэчлэх тухай" зарлигтай холбоотой юм.
ГУЛАГ-ын хоригдлууд үндэстэн ястнаар
[засварлах | кодоор засварлах]Оросын түүхч, судлаач Виктор Николаевич Земсков-ын гаргасан тоо баримт.
Үндэстэн | тоо | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
1939 | 1940 | 1942 | 1943 | 1944 | 1945 | 1946 | 1947 | |
Украин | 18190 | 19683 | 18148 | 11467 | 73832 | 85584 | 10755 | 18294 |
Белорус | 44785 | 49743 | 45320 | 25461 | 15264 | 15479 | 24249 | 32242 |
Татар | 24894 | 28232 | 29116 | 17915 | 11933 | 14568 | 9049 | 11045 |
Узбек | 24499 | 26888 | 26978 | 20129 | 8380 | 8426 | 5570 | 4777 |
Евреи | 19758 | 21510 | 23164 | 20230 | 15317 | 14433 | 10839 | 9530 |
Казах | 17123 | 20166 | 19703 | 14888 | 11453 | 12321 | 7822 | 8115 |
Герман | 18572 | 18822 | 19258 | 18486 | 19773 | 22478 | 18155 | 18738 |
Польш | 16860 | 16133 | 14982 | 11339 | 8765 | 8306 | 13356 | 16137 |
Гүрж | 11723 | 12099 | 11171 | 6960 | 5517 | 5446 | 4544 | 4609 |
Азербайжан | н/д | 10800 | 8170 | 4584 | 2924 | 4338 | 3163 | 1495 |
Армян | 11064 | 10755 | 10307 | 9300 | 6835 | 6903 | 5477 | 5728 |
Туркмен | 9352 | 9411 | 8548 | 6078 | 3113 | 2681 | 2007 | 2397 |
Латви | 4742 | 5400 | 7204 | 5008 | 3856 | 3444 | 12302 | 11266 |
Башкир | 4874 | 5380 | 4669 | 2414 | 1406 | 1579 | 905 | 1093 |
Тажик | 4347 | 5377 | 4896 | 3841 | 2194 | 1872 | 1335 | 1460 |
Хятад | 3161 | 4033 | 5182 | 3848 | 2792 | 2879 | 2614 | 1888 |
Солонгос | 2371 | 2800 | 2403 | 1806 | 1257 | 1397 | 909 | 959 |
Финн | 2371 | 2750 | 3547 | 2781 | 2220 | 1929 | 1758 | 2245 |
Эстон | 2371 | 2720 | 6581 | 4556 | 2933 | 2880 | 9017 | 10241 |
Буриад | 1581 | 2700 | 2610 | 1859 | 1344 | 1382 | 1240 | 1247 |
Киргиз | 2503 | 2688 | 3537 | 2706 | 1437 | 1142 | 1034 | 894 |
Литв | 1050 | 1344 | 3074 | 3125 | 2048 | 1805 | 11361 | 15328 |
Апган | 263 | 280 | 256 | 170 | 89 | 65 | 59 | 48 |
Румын | 395 | 270 | 1550 | 1040 | 857 | 815 | 840 | 978 |
Иран | н/д | 134 | 1825 | 1176 | 772 | 678 | 501 | 558 |
Япон | 50 | 80 | 133 | 119 | 116 | 23 | 578 | 660 |
Монгол | 35 | 70 | 64 | 37 | 22 | 49 | 20 | 49 |
Түрк | н/д | н/д | 488 | 297 | 226 | 281 | 264 | 186 |
Бусад | 76055 | 67451 | 136898 | 79208 | 53068 | 50599 | 41247 | 29725 |
Нийт: | 1317195 | 1344408 | 1415596 | 983974 | 663594 | 715505 | 600897 | 786441 |