Jump to content

Күросава Акира

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Күросава Акира
黒澤 明
Күросава Акира Долоон самүрай 1953 он
Төрсөн1910 оны 3 сарын 23 (1910-03-23)
Нас барсанSeptember 6, 1998(1998-09-06) (88 насалсан)
Япон улс, Токио, Сэтагаяа
Мэргэжилкино найруулагч, зохиолч, продюсер,
Идэвхтэй1936–1993
ХүүхэдКүросава Казүко
Күросава Хисао
ParentsКүросава Исамү
Күросава Шима

Күросава Акира (Япон: 黒澤 明, くろさわ あきら 1910 оны 3 сарын 23-нд төрж 1998 оны 9 сарын 3-нд нас эцэслэжээ) Японы алдарт кино найруулагч, продюсер, кино зохиолч. Тэрээр анхны киногоо 1943 онд "Сүгатa Санширо" нэртэй гаргасан бол сүүлчийн кино нь 1993 онд "Мададаёо" нэртэй гарч байсан юм.

1910 оны 3-р сарын 23-нд Токиогийн захын хороололд Күросава Исамү, Шима нарын найм дахь хүү болон мэндэлжээ. Түүнийг төрөхөд эцэг нь 45, ээж нь 40 настай байв. Дээрээ 3 ах, 4 эгчтэй байсан ба нэг ах нь харамсалтайгаар түүнийг төрөхөөс өмнө нас барсан бол нэг нь сургуулиа төгссөн байлаа. Мөн нэг эгч нь өөрийн амьдралаа зохиосон байсан бол нэг нь түүнийг төрөөд удаагүй байхад нас барсан байна.

Күросавагийн эцэг цэргийн бага сургуулийн захирал байсан ба самүрайн удамтай байсан гэдэг. Санхүүгийн хувьд гэр бүл нь дунджаас дээгүүр амьдралтай айл байжээ. Эцэг нь барууны соёл, спортод дуртай нэгэн байжээ. Тиймдээ ч Японд дөнгөж гарч ирж байсан барууны кинонуудыг гэр бүлийнхэнтэйгээ очиж үздэг байв. Удалгүй Япончууд Баруунаас нүүрээ буруулж эхэлсэн. Гэвч Исамү тэдгээр кинонууд хүүхдүүдийнх нь боловсролд сайнаар нөлөөлнө хэмээн итгэж байсан юм.

Бага сургуульд байхдаа Акира багшийнхаа зөвлөсөнөөр зураг зурах дуртай болсон байна. Түүний ах Хэйго сайн зурдаг байсан ба түүнд маш их нөлөөлсөн ажээ. Хэйго маш ухаантай ба олон уралдаанд түрүүлээд байсан байна. 1923 онд Кантогийн их газар хөдлөлт болон Токиог сөнөөсөн ба 100,000 хүн нас барсан юм. Үүний дараа 17 настай Хэйго 13 настай дүү Акирагаа гамшигт өртсөн хотоор дагуулан явжээ. Энэхүү аймшигт зүйлсийг харснаар Акира ялагдал гэдэг бол айдсыг бий болгодог гэдгийг ойлгож авсан гэж хожим нь дурссан байдаг.

Түүний ах Хэйго нь Токиогийн кино театрт дуу оруулагчаар оров. Гэвч удалгүй дуутай кино гарч ирснээр Япон даяар дуу оруулагч нар ажилгүй болсон байна. Энэ үед Акира сонинуудад жижиг өгүүлэл, зураг зурж өгдөг байв. Гэхдээ Акира хэзээ ч коммунист байгаагүй ба энэхүү явдалаа гэнэн байсан хэмээн хожим тайлбарлсан.

Акираг 23 нас хүрэхэд ах Хэйго нь амиа хорложээ. Дөрвөн сарын дараа амьд үлдсэн ганц ах нь нас барснаар Акира 23 настайдаа орь ганцаар хоцорчээ.

Уран бүтээлийн эхлэл

[засварлах | кодоор засварлах]

1936 онд хамгийн том кино студи болох PCL «Photo Chemical Laboratories»-д /хожим нь Тохо болсон/ дагалдангаар орж, Ямамото Кажиро найруулагчийн туслахаар нь ажиллаж эхэлжээ. Түүний анхны кино болох "Жүдогийн домог" кино хийгдсэний дараагаас уран бүтээлүүд нь дайны үеийн засгийн газрын хяналтан доор хийгдэж байлаа. Тиймдээ ч үндсэрхэг үзлийг харуулсан хэд хэдэн кино хийгдсэн юм. Жишээ нь, Цэргийн сувилагч эмэгтэйн тухай "Хамгийн үзэсгэлэнтэй", Японы жүдо Америкийн боксоос хамаагүй илүү гэдгийг харуулсан "Жүдогийн домог 2" гэх мэт кино хийж байлаа.

Түүний дайны дараах анхны кино нь улс төрийн үзлээсээ болж баривчлагдсан зүүнтний эхнэрийн тухай өгүүлэх "Бидний залуучуудад гашуудал байхгүй" хэмээх хуучин дэглэмийг шүүмжилсэн бүтээл байлаа. Күросава орчин үеийн Японы тухай хэд хэдэн кино хийснээс "Согтуу сахиусан тэнгэр", "Золбин нохой" зэрэг нь алдартай болсон. Мөн "Рашомон" хэмээх киногоо хийснээр тэрээр Венецийн кино наадмаас алтан арслан аван дэлхийд танигдаж эхэлсэн байна.

Найруулагчийн арга барил

[засварлах | кодоор засварлах]

Тэрээр өөрөө бий болгосон гайхалтай кино авах өвөрмөц техниктэй байв. Энэ нь ч түүний кинонуудыг бусдаас эрс өөр харуулдаг байв. Тэрээр маш хүчтэй телефото дурангаар зургаа авдаг байлаа. Ийнхүү холоос зураг авсан нь жүжигчиддээ орон зайг нь их болгож, илүү сайн жүжиглэлтийг бүтээнэ гэж үздэг байжээ. Мөн тэрээр олон камер зэрэг ашиглдаг байсан нь үйл явдлыг илүү олон талаас, олон янзаар харуулдаг байв. Өөр нэг түүний онцлог бол цаг агаарын элементүүдийг их ашигладаг байсан. Жишээ нь Рашомоны эхлэлийн хэсэг, "Эрэлхэг долоон Самүрай"-н төгсгөлийн хэсэгт хүчтэй ширүүн бороо, "Золбин нохой"-д гаслам халуун, "Ёожимбо"-д хүйтнийг, "Икирү"-д цас, "Цуст хаан ширээ"-нд манан зэрэг цаг агаарын үзэгдлүүдийг гайхалтайгаар үргэлж оруулж өгдөг байв. Тэрээр захирангуй байдаг байсан учир Тэнно буюу эзэн хаан хэмээх хочтой байжээ. Күросава төгс зүйлийг эрэлхийлэгч байсан ба хүссэн визуал эффектээ гаргахын тулд маш их цаг, хөдөлмөрийг зарцуулдаг байсан. Рашомоны хүчтэй ширүүн борооны хэсгийг авахын тулд усандаа бэх хольсон бол шуурганы зургийг авахын тулд тухайн газрын усны хангамжийг бүгдийг нь ашиглаж байж. "Цуст хаан ширээ"-ний төгсгөлийн хэсэгт Мифүнэ Тоширо харвуулдаг хэсэгт мэргэжлийн харваачдаар ойрын зайнаас жинхэнэ сумаар харвуулж биенээс нь см-ын зайтай л өнгөрч байсан бол "Ран" дээр оргил хэсэгт зөвхөн сууриндаа хүртэл шатаж гардаг цайзыг шинээр бариулж байжээ.

Мөн байшингийн дээврийг ховхолж авдаг гээд төгс бүтээл хийхийн тулд бүх зүйлийг хийдэг байв. Түүний төгс зүйлд хүрэхийг хичээдэг байсан нь мөн жүжигчдийн хувцаснаас ч илт харагдана. Жүжигчиддээ долоо хоногийн өмнө хувцаснуудыг нь өгөөд "Өдөр болгон өмсч бай, та нар хувцастайгаа нэг бүхэл болох ёстой" хэмээдэг байж. Мөн тэрээр киноныхоо хөгжмийг хийхдээ нэг цогц хөгжим хэзээ ч киног сайхан болгохгүй гэж үздэг байсан ба кинондоо ихэвчлэн бишгүүрийн ая гэх мэт дан нэг хөгжмийн зэмсгээр тоглосон аязуудыг оруулж өгдөг байсан.

Күросавагийн кинонуудад маш олон алдартай зохиолуудаас тусгагдсан байдаг. Уильям Шекспирийн "Лир ван", "Макбет", "Гамлет", мөн Оросын алдарт зохиолчид болох Фёдор Достоeвский, Максим Горький, Лев Толстой нарын алдарт зохиолуудаас тусгагдсан байдаг.

Күросавагийн кинонууд нь өнөөг хүртэл кино бүтээгчдэд нөлөөлсөөр байгаа бөгөөд дэлхий даяар одоог хүртэл үнэ цэнээ алдаагүй байна.

Долоон самүрай нь кино урлагийн өөр өөр төрлүүдэд дахин хийгдсэн юм.

  • Дэлхий галзуурч байна (1988, Найр. Лий Катзин)


Рашомоныг олон удаа хийж байсан ба хамгийн сүүлийн алдартай бүтээл бол Жет Ли, Жан Зыи, Тони Люнг, Магги Чэнг нарын тоглосон "Баатар" юм.

Ёожимбо нь Сержио Леонегийн "Атга дүүрэн доллар" болон Брюс Уиллисын хоёр кино болох "Ласт мэн Стандинг", "Азтай тоо Слевиний үндэс" болон хожим дахин хийгдсэн.

Нууц цайз нь Жорж Лукасын алдарт Оддын дайн цувралд их тусгагдсан байдаг. Ялангуяа 4, 6 дугаар ангиуд дээр илүү тод гардаг.

Тэрээр өөрийнхөө ид үе буюу 1940-өөд оны сүүлээс 1960-аад оны дунд үеийн хугацаанд нэг хүмүүстэйгээ ажилласан байдаг ба энэ баг нь кино урлагийн түүхэнд хамгийн алдартай баг билээ. Түүний кинонуудын дууг Хаяасаки Фүмио, зургийг Огүни Хидэо, хувцсыг Мүраки Ёширо, оператороор Накаи Асаказү нар ажиллаж байсан. Мөн Шимүра Такаши, Накадаи Тацүяа, Мифүнэ Тоширо зэрэг жүжигчидтэй 1948-65 он хүртэл цуг ажилласан ажээ.

Сүүлийн кинонууд

[засварлах | кодоор засварлах]

"Улаан сахалт" нь Күросавагийн уран бүтээлд эргэлтийн цэг болж өгсөн юм. Уг кино нь түүний Японд хийсэн сүүлчийн, мөн сүүлчийн хар цагаан кино нь болсон юм. Күросава 20-р зуун Фокс кино студитай "ТОРА ТОРА ТОРА" киног хийхээр гэрээ байгуулсан боловч студи түүнийг халан Масүда Тошио, Фүкасаки Кинжи нарыг оронд нь тавин киног дуусгасан юм. Түүний дараагийн кинонууд нь тав таван жилийн давтамжтай гарсан ба санхүүжүүлэхэд хүндрэлтэй байв. Гэвч бүгд амжилт олж чадаагүй юм.

Амиа хорлох оролдлого хийснийхээ дараа хэд хэдэн кино хийсэн ба санхүүжилт олох нь хүндрэлтэй байсаар байжээ. Удалгүй Зөвлөлт Холбоот Улстай хамтран 20 дугаар зууны эхэн үед Сибирьт явж буй судалгаа шинжилгээний багийнхан анчин өвгөнтэй хамт явж буй адал явдлын тухай өгүүлсэн "Дерсу Узала" хэмээх киног 1975 онд хийсэн. Энэхүү кино нь түүний Японоос өөр хэлээр хийсэн цорын ганц кино болсон бөгөөд "Гадаад хэл дээрх шилдэг кино" номинацаар Оскарын шагналыг түүнд авчирчээ. Кагэмүша-г нь түүний хамгийн их шүтрэн бишрэгчид болох Жорж Лукас, Фрэнсис Форд Коппола нар ивээн тэтгэжээ. Дундад зууны үед нэгэн том лордыг нас барсны дараа түүнтэй адилхан ядуу хулгайч түүний дүрд орон лорд болж байгаа тухай өгүүлдэг ба тэр жилийнхээ Канны кино наадам дээр Алтан дал мод шагнал авсан байна. Ран нь Шекспирийн "Лир Ван"-г дундад зууны үеийн Японы үйл явдалд оруулсан ба түүний сүүлийн жилүүдийн хамгийн нүсэр бүтээл болсон. Бүтээхийн тулд 10 гаруй жил төлөвлөн санхүүжилтээ хайсаар байсан байна. Эцэст нь Францын продюсер Серже Силбермэний тусламжтайгаар бүтжээ. Уг кино нь олон улсын тавцанд маш их амжилт олсон ба Куросавагийн хамгийн сүүлчийн агуу бүтээл хэмээн тооцогддог. Өөрөө ч үүнийгээ нэгэн ярилцага дээр миний бүтээлүүд дотроос хамгийн сайн нь гэсэн байдаг. [2]

1990-ээд онд гурван кино найруулсан ба эдгээр нь илүү өөрийн нь тухай, хувийн шинж чанартай байсан. Өөрийнхөө мөрөөдлийн талаар хийсэн дараалсан үйл явдлуудтай Мөрөөдөл, Нагасакигийн атомын бөмбөгдөлтийн дурсамжаар хийсэн Наймдугаар сарын аялгуу, тэтгэвэртээ гарсан багш, түүний сурагчдын хоорондын харьцааг харуулсан Мададаёо бүтээлүүд туурвисан юм.

Күросава Акира 88 настайдаа 1998 онд Токиогийн Сэтагаяад саа өвчний улмаас таалал төгссөн.

Күросовагийн эхнэрийг Ягүчи Ёоко-жүжигчин,(жинхэнэ нэр Күросава Киёо, хүүг нь Хисао, охиныг нь Казүко гэдэг.

Күросава нь уудалж баршгүй авъяас, гайхамшигтай санаануудын галт уул байсан юм. Мөн маш их хэмжээний хөрөнгийг кинонд оруулдаг байсан. Үүнээс маханд маш ихийг зарцуулсан гэдэг. Учир нь дайн тулаантай зураг авалтын үед хүн бүрт мах өгдөг, энэ нь сэлмээр зүсэхэд яг жинхэнэ юм шиг дууг гаргадаг аж. [3]

  • 1951 – "Рашомон"-оор Венецийн кино наадмаас "Алтан арслан"
  • 1951 – "Рашомон"-оор Оскарын Шилдэг гадаад хэл дээрх кино
  • 1955 – "Долоон самурай"-гаар Венецийн кино наадмын "Мөнгөн Арслан"
  • 1975 – "Дерсу Узала" Оскарын Шилдэг гадаад хэл дээрх кино
  • 1980 – "Кагэмүша"-гаар Каннын кино наадмаас "Алтан дал мод"
  • 1982 – Венецийн кино наадмын "Алтан Арслан"
  • 1984 – Légion d'honneur
  • 1990 - Fukuoka Asian Culture Prize
  • 1990 – Хүндэтгэлийн Оскар
  • 2006 – Ираны 10 дахь кино наадмаас Тусгай хүндэтгэл