Jump to content

Монголын улс төр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монголын улс төр нь холимог засаглалтай олон намын төлөөллийн ардчиллын хүрээнд явагддаг.[1][2][3] Гүйцэтгэх эрх мэдлийг ерөнхий сайдаар ахлуулдаг Засгийн газар хэрэгжүүлдэг. Ерөнхийлөгч төрийн тэргүүн боловч хязгаарлагдмал эрх мэдэлтэй. Хууль тогтоох эрх мэдлийг Улсын Их Хурал хэрэгжүүлдэг. Шүүх нь гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдлээс хараат бус.

Өнөөгийн системийг 1992 оны сүүлийн Монгол Улсын Үндсэн хуулинд тодорхой тусгагдсан байдаг. Монгол Улсын Үндсэн хууль нь Монгол Улсын иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний үндсэн эрх, шашин шүтэх эрх зэргийг хуульчлан баталгаажуулдаг. Монголын мэдээллийн салбар нь хувийн болон нийтийн эзэмшлийн телевизийн сувгууд, цахим хуудас, сонин сэтгүүлүүдээс бүрддэг. Монголын олон улс төрийн намуудаас Монгол Ардын нам (хуучны МАХН) ба Ардчилсан нам олон гишүүнтэй учир илүү хүчин чадал, нөлөө ихтэй. 1996 оны сонгууль хүртэл хуучин коммунист Монгол Ардын Хувьсгалт Нам Монгол улсад зонхилох нам байжээ. МАХН төрийн эрхийг барьж ирсэн 2000-2008 онуудад гол сөрөг хүчин нь 1996 оноос 2000 он хүртэл төрийн эрхийг барьсан Ардчилсан Нам байв.

1992 онд шинэ Yндсэн хуулийг баталснаар, Улсын Их Хурлын сонгуулийг олон намын тогтолцоотой ардчилсан зарчмаар явуулж эхэлжээ.

1992 оны сонгуульд МАХН ялалт байгуулж, УИХ-д 70 суудлыг авчээ. 1996 онд Монголын Ардчилсан Xолбоо, Ардчилсан Намуудын эвсэл тус улсын эдийн засаг ба улс төрд шинэчлэлт, өөрчлөлтийг гүйцэтгэх шинэ хөтөлбөр боловсруулж оролцсоны дүнд сонгуульд онцгой ялалт байгуулсан. Энэ сонгуулиар Улсын Их Хурлын 76 суудлын 50-ийг нь Ардчилсан Холбоо эвсэл, 25 суудлыг МАХН авсан. 2000 оны сонгуулиар МАХН 72, бусад нам эвсэл (АН, МАШСН, МИЗН) 4 суудал авсан юм. Харин 2004 оны сонгуулиар МАХН 38, Эх Орон-Ардчилал эвсэл 34, МБНН 1, бие даагчид 3 суудал авсан байна. 2008 оны парламентийн сонгуульд МАХН дахин ялалт байгуулсан ч ард түмэн 2008 оны 7-р сарын 1-нд сонгуулийг шударга бус явагдсан хэмээн үзэж, эсэргүүцлийн жагсаал хийсэн нь сүүлдээ үймээн самуун болж хувирсан. Улс оронд үүссэн нөхцөл байдлын уламаас МАХН ба АН эвсэхээр шийдвэрлэж хамтарсан Засгийн газар байгуулжээ. 2010 оны 10-р сард МАХН нь нэрээ сольж МАН /Монгол Ардын Нам/ болсон бөгөөд Монгл Улсын 3 дахь ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр шинээр нам байгуулж түүнийгээ МАХН хэмээн нэрлэжээ. 2012 оны Улсын Их Хурлын сонгууль анх удаа холимог тогтолцоогоор явагдаж, аль ч нам олонхи болж чадаагүй бөгөөд хамгийн олон суудал авсан Ардчилсан Нам Шударга ёс эвсэл, Иргэний Зориг Ногоон нам-тай хамтран эвслийн засгийн газар байгуулан ажиллаж байв. 2016, 2020 оны Улсын Их Хурлын сонгуулиуд мажоритар системээр явагдахад Монгол Ардын Нам 65, 62 суудал тус тус авч, үнэмлэхүй олонх болсноор өөрийн Засгийн газраа дангаараа байгуулан ажиллаж байна.

Гүйцэтгэх засаглал

[засварлах | кодоор засварлах]
Үндсэн албан тушаалтнууд
Албан тушаал Нэр Нам Огноо
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Ардын Нам 2021 оны 6 сарын 25
Ерөнхий Сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Монгол Ардын Нам 2021 оны 1 сарын 27

Үндсэн Хуульд зааснаар Ерөнхийлөгч нь Монгол Улсын төрийн тэргүүн бөгөөд ард түмний эв нэгдлийн илэрхийлэл болно. Ерөнхийлөгчийг 6 жил тутамд ард түмний шууд сонгуулиар сонгодог (2020 онд Үндсэн Хуульд өөрчлөлт оруулахаас өмнө 4 жил тутамд сонгодог байв).

Ерөнхийлөгч нь Их хурлын шийдвэрүүдийн хэрэгжилтэд хориг тавьж болдог байна. Гэвч энэ хоригийг Улсын Их Хурал 2/3-с дээш хувийн саналаар эсэргүүцвэл ерөнхийлөгчийн хориг мөн хүчингүй болдог байна. Монгол улсын Үндсэн Хуулиар Ерөнхийлөгчийн албыг хаших хүнд гурван үндсэн шаардлага тавигддаг. Үүнд:

  • Монгол Улсад төрсөн бөгөөд Монгол Улсын иргэн байх,
  • Доод тал нь 50 настай байх,
  • Ерөнхийлөгчид нэр дэвшихээс өмнөх таван жилд Монголд байнга оршин суусан байх ёстой зэрэг юм.


Монгол Улсын Ерөнхийлөгч нар:

  1. Пунсалмаагийн Очирбат (1992 оны 9-р сарын 3-наас-1997 оны 6-р сарын 20-ны өдөр хүртэл)
  2. Нацагийн Багабанди (1997 оны 6-р сарын 20-ноос -2005 оны 6-р сарын 24-ний өдөр хүртэл)
  3. Намбарын Энхбаяр (2005 оны 6-р сарын 24-нөөс 2009 оны 6-р сарын 18-ны өдөр хүртэл)
  4. Цахиагийн Элбэгдорж (2009 оны 6-р сарын 18-наас 2017 оны 7-р сарын 10-ны өдөр хүртэл)
  5. Халтмаагийн Баттулга (2017 оны 7-р сарын 10-наас 2021 оны 6-р сарын 25-ны өдөр хүртэл)
  6. Ухнаагийн Хүрэлсүх (2021 оны 6-р сарын 25-наас 6 жилийн хугацаатай сонгогдон ажиллах байна)
Улсын Их Хурлын танхим
Үндсэн өгүүлэл: Монгол Улсын Их Хурал

Улсын Их Хурал нь 76 суудалтай ба УИХ-ын дарга хурлыг удирдана. Одоо мөрдөгдөж буй сонгуулийн хуулиар 21 аймаг ба нийслэлийн 9 дүүрэг нь нэг буюу олон мандаттай 26 тойрогт хуваагдаж 76 гишүүнийг сонгоно. УИХ-ын даргыг УИХ-ын гишүүд дундаасаа анхны чуулганаар сонгоно. Одоогийн УИХ-ын дарга бол Гомбожавын Занданшатар юм.

Монгол Улсын Ерөнхий Сайд

[засварлах | кодоор засварлах]

Ерөнхий сайд нь парламентад хамгийн олон суудал бүхий нам эвслээс Ерөнхийлөгчтэй зөвшилцөн санал болгосны дагуу Улсын Их Хурлаас томилогддог. Одоогийн Ерөнхий сайд бол Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ юм.

Засгийн газар нь 15 яам, 19 сайдаас (ерөнхий сайдыг оролцуулаад) бүрдэнэ.

Үндсэн өгүүлэл: Шүүх эрх мэдэл

Шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Монгол улсын шүүхийн дээд байгууллага нь Улсын Дээд Шүүх юм. Одоогийн Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь Дамдины Ганзориг Э.Дөлгөөн Э.Сугарбаяр

Гадаад харилцаа

[засварлах | кодоор засварлах]

1961 онд НҮБ-ын гишүүнээр элссэн.

1991 оноос хойш Монгол Улс нь АНУ, ОХУ, БНХАУ, Хойд ба Өмнөд Солонгос, Япон зэрэг олон орнуудтай найрсаг гадаад харилцаатай бөгөөд Засгийн газар гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг ихэд дэмжиж нээлттэй гадаад бодлого хэрэгжүүлж ирсэн.

2023 оны байдлаар Монгол Улс Абу-Даби, Астана, Анкара, Бангкок, Берлин, Бишкек, Брюссель, Будапешт, Бээжин, Варшав, Вашингтон, Вена, Вьентьян, Хавана, Дели, Каир, Канберра, Кувейт, Лондон, Москва, Минск, Ром, Оттава, Парис, Пхеньян, Прага, Софи, Сөүл, Сингапур, Стокхолм, Токио, Ханой зэрэг 32 улсад Элчин сайдын яамтай бөгөөд Алматы, Истанбул, Эрхүү, Улаан-Үд, Кызыл, Хөх хот, Эрээн хот, Хонконг, Осака, Сан-Франциско, Чикаго хотуудад албан ёсоор Ерөнхий Консулын болон Консулын газруудтай юм. Нью-Йорк ба Женев хотуудад НҮБ-ын дэргэдэх Байнгын төлөөлөгчийн 2 газар ажилладаг. Монгол Улс НҮБ-ын гишүүн, дэлхийн 193 оронтой дипломат харилцаа тогтоогоод байна.

2005 оны 11-р сарын 21-нд Жорж Буш Монголд айлчилсан нь АНУ-ын анхны ерөнхийлөгч болсон[4]. 2004 онд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагыг Болгар улс толгойлж байх үед Монгол тус байгууллагын Азийн нэгэн хамтран ажиллагч болсон.

2016 оны 7-р сарын 15-16-ны өдрүүдэд АСЕМ-ийн ээлжит 11 дүгээр дээд хэмжээний Ази, Европын 53 орны тэргүүн нарын оролцсон хурлыг Улаанбаатар хотноо хүлээн авч зохион байгуулсан.

  1. Шугарт, Мэттью Соберг (2005). "Хагас Ерөнхийлөгчийн тогтолцоо: Гүйцэтгэх болон холимог эрх мэдлийн давхар загвар" (PDF). Олон улсын харилцаа, Номхон далай судлалын дээд сургууль. Америкийн Нэгдсэн Улс: Калифорнийн их сургууль, Сан-Диего. Archived from the original (PDF) on 2008-08-19. Татаж авсан: 2015-12-23.
  2. Шугарт, Мэттью Соберг (2005). "Хагас Ерөнхийлөгчийн тогтолцоо: Гүйцэтгэх болон холимог эрх мэдлийн давхар загвар" (PDF). Францын улс төр. Palgrave Macmillan сэтгүүл. 3 (3): 323–351. doi:10.1057/palgrave.fp.8200087. Archived from the original (PDF) on 2016-03-04. Татаж авсан: 2015-12-23. Хэдийгээр ерөнхийлөгч засгийн газрын танхимыг бүрдүүлэх, парламентыг тараах эрхгүй ч парламентад баталсан Засгийн газрын хууль тогтоомжийг ард түмний сонгосон төлөөлөгч хааж чадаж байвал түүний үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлийг Дювержерийн хэлснээр "нэлээн их" гэж үзэж болно. Монгол, Польш, Сенегал зэрэг улсуудад тавьсан хоригийг хүчингүй болгохын тулд ээлжит бус олонхын санал шаардлагатай бол ийм эрх мэдэл онцгой ач холбогдолтой юм.
  3. Одонхүү, Мөнхсайхан (2016-02-12). "Монгол Улс: Парламентын ардчиллыг бэхжүүлэх үндсэн хуулийн дэмий оролдлого". ConstitutionNet. International IDEA. Татаж авсан: 2016-02-17. Ерөнхий сайд, Засгийн газар нь УИХ-ын өмнө хамтран хариуцлага хүлээдэг, Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодог, түүний эрх мэдэл нь парламентын засаглал дахь төрийн тэргүүнүүдийн уламжлалт эрх мэдлээс хамаагүй өргөн байдаг тул Монгол Улсыг хагас ерөнхийлөгчийн засаглалтай гэж нэрлэх нь бий.
  4. "President George W. Bush Visits Mongolia". US embassy in Mongolia, 2005.