Jump to content

Монгол-Чехийн харилцаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Монгол-Чехийн харилцаа
Map indicating locations of Czech Republic and Монгол улс

Чех

Монгол

Монгол-Чехийн харилцаа дэлхийн хоёрдугаар дайнаас хойш идэвхжсэн. 1950 онд Монгол, Чехословак хоёр орон дипломат харилцаа тогтоосон ба энэ нь Монгол орны хувьд дипломат харилцаа тогтоосон Зүүн Европын орнуудын нэг байв. Хуучин Чехословак улстай 1950 оны 4 дүгээр сарын 25-нд дипломат харилцаа тогтоож, Улаанбаатар, Праг хотноо 1956 онд ЭСЯ-даа харилцан нээсэн түүхтэй.

1992 оны 12-р сарын 31-нд Чехословак улс задарч бие даасан Чех болон Словак гэсэн хоёр тусгаар улсууд үүсэн байгуулагдсаны дараа 1993 оны 1-р сарын 1-нд Чех улстай Монгол улс дипломат харилцаа тогтоосон.

Улаанбаатар дахь Чехословакийн ЭСЯ-ыг Чех улс өвлөн авч үлдсэн бөгөөд санхүүгийн бэрхшээл дурдаж, түүнийгээ 1994 онд хааж Бээжингээс хамаарах болсон. Чехийн Бээжин дэх ЭСЯ-ны Консул ба визийн салбар хэлтэс Улаанбаатарт ажиллаж байв.

1999 оны 5-р сард Чехийн Гадаад хэргийн сайд Я. Каван Монголд айлчлах үеэр Чехийн ЭСЯ-ыг албан ёсоор нээх ёслол болж ЭСЯ-аа хэргийг түр хамаарагчийн хэмжээнд ажиллуулж байгаад 2004 оны 7-р сараас Элчин сайдын хэмжээнд ажиллуулж байна.

Улс төрийн харилцаа

[засварлах | кодоор засварлах]

1993 оноос хойш хоёр талдаа төрөл бүрийн төлөөлөгчид харилцан айлчилж байв. Харин Чехийн талын төлөөлөгчдийн түвшин мэдэгдэхvйц доогуур байв.

1994 онд Засгийн газрын шадар сайд Л.Энэбиш, 1995 онд Хүн амын бодлого, хөдөлмөрийн дэд сайд Л.Бямбацэрэн, Гадаад харилцааны дэд сайд Ч.Баатар, Худалдаа, үйлдвэрийн сайд Ц.Цогт, 1996 онд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Зориг тэргүүтэй парламентын төлөөлөгчид, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Б.Чимид, 1997 Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваа, УИХ-ын Тамгын газрын дарга Л.Цог тэргүүтэй төлөөлөгчид, 1998 онд Гаалийн ерөнхий газрын дарга З.Мөнхбат, 1999 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Чехэд төрийн айлчлал хийж, 2004 оны 1-р сард УИХ-ын Тамгын газрын ЕНБД Н.Лувсанжав тэргүүтэй төлөөлөгчид Чехэд ажлын айлчлал хийв. 1993 онд Чехийн ГХЯ-ны 4 дүгээр газрын захирал И.Соукуп, 1994 онд Чехийн Гадаад хэргийн дэд сайд Х.Бамбасова, 1995 онд Чехийн Үйлдвэр, худалдааны яам, ГХЯ-ны П.Вацек тэргүүтэй төлөөлөгчид өмнөх гэрээ, хэлэлцээрийг цэгцлэх асуудал ярилцахаар, ҮХЯ, СЯ, Үндэсний банкны хамтарсан И.Ветровски /СЯ/ тэргүүтэй төлөөлөгчид өрийн асуудлаар хэлэлцээ хийж, 1997 онд Чехийн ГХЯ-ны Соёлын газрын захирал З.Лычка, Чехийн ажил хэрэгч хүмүүсийн төлөөлөгчид (нийт 16 хүн), Соёлын яамны Уран зохиол, номын сангийн газрын захирал Е.Седлакова, 1998 онд Чехийн Парламентын Төлөөлөгчдийн Танхимын Тамгын газрын дарга П.Кынштетр тэргүүтэй төлөөлөгчид, 1999 онд Гадаад хэргийн сайд Ян Каван, 2000 оны 5-р сард Чехийн Сенатын Байнгын хорооны дарга П.Смутны тэргүүтэй Чехийн парламентын төлөөлөгчид, 2005 оны 5 дугаар сарын 26-28-нд БНЧУ-ын Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Любомир Заоралек тэргүүтэй парламентын төлөөлөгчид, 2006 оны 9-р сарын 17-23-нд Чехийн Сенатын дэд дарга П.Смутны болон байнгын хорооны дарга В.Ехличка тэргүүтэй төлөөлөгчид болон Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор БНЧУ-ын Ерөнхийлөгч Вацлав Клаус Монгол улсад төрийн анхны айлчлал хийсэн.

Ерөнхий сайд Мэндсайханы Энхсайхан, В.Клаус нар 1997 оны 2 дугаар сард Швейцарын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн Чуулга уулзалтын үеэр уулзаж, Монгол, Чехийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг хөндөж ярилцсан байна.

Худалдааны Хэлэлцээр 1995 оны 12-р сарын 11-нд, Давхар татвар ноогдуулахгүй тухай Хэлэлцээр 1997 оны 3-р сарын 26-ңд Праг хотод, Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Хэлэлцээр 1998 оны 2-р сарын 13-нд Улаанбаатар хотод байгуулагдсан. Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай засгийн газар хоорондын Хэлэлцээр 1998 онд Праг хотноо байгуулагджээ. Хоёр улсын хооронд 1955-1995 онд байгуулагдсан гэрээ хэлэлцээрүүдийг цэгцлэх тухай протокол, Гадаад харилцааны хоёр яамны хамтын ажиллагааны Протоколд 1999 оны 5-р сард Улаанбаатарт, Аж ахуйн нэгж байгууллагуудад иргэд харилцан илгээж ажиллуулах нөхцөлийн тухай МУ, БНЧУ-ын Засгийн газар хоорондын Хэлэлцээрт Праг хотноо мөн 1999 оны 12-р сард тус тус гарын үсэг зурсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын үеэр Монгол, Чехийн хамтарсан мэдэгдэл гаргасан болно.

Э.Гомбожав тэргүүтэй Монгол-Чехийн Парламентын бүлэг Монгол-Зүүн Европын парламентын бүлгийн хүрээнд Монгол Улсын Их Хуралд ажиллаж байв.

2002 оны 4-р сард Гадаад хэргийн дэд сайд Сүхбаатарын Батболд тэргүүтэй төлөөлөгчид БНЧУ байгуулагдснаас хойш Праг хотноо анх удаа улс төрийн зөвлөлдөх уулзапт хийсэн.

2005 оны 1 дүгээр сард Чехийн Үйлдвэр худалдааны сайд Монголд айлчилсан бол манай Үйлдвэр худалдааны сайд С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид 2005 оны 9 дүгээр сард хариу айлчлал хийв.

Монгол-Чехийн Засгийн Газар хооронд 1995 онд байгуулсан Худалдааны Хэлэлцээрийн дагуу Монгол-Чехийн Засгийн Газар хоорондын комиссын хуралдаан 2003 оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо, 2005 онд байгуулсан Эдийн засгийн хамтын ажиллагааны Хэлэлцээрийн дагуу 2005 оны 10 дугаар сард Праг хотноо туc туc болжээ.

БНЧУ-ын Ерөнхийлөгч Вацлав Клаус гэргийн хамт 2006 оны 9 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилсан бөгөөд энэ нь орчин цагийн түүхэн дэх анхны дээд хэмжээний айлчлал байсан юм.

Чехийн Гадаад хэргийн сайд Карел Шварценберг 2013 оны 4 дүгээр сарын 28-аас 30-ны хооронд Монголд айлчилсан.

Монгол Улсын Байгаль орчны сайд, Их хурлын гишүүн Санжаасүрэнгийн Оюун БНЧУ-ын байгаль орчны сайдын урилгаар 2014 оны 3 дугаар сарын 29-нөөс 4 сарын 2-ны өдрүүдэд Чех улсад албан ёсны айлчлал хийв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж БНЧУ-ын Ерөнхийлөгч Милош Земаны урилгаар 2015 оны 1-р сарын 18- 20-ны өдрүүдэд БНЧУ-д төрийн айлчлал хийсэн. Тэрбээр БНЧУ-ын Ерөнхийлөгч М.Земантай ганцаарчилсан уулзалт хийсэн бөгөөд БНЧУ-ын Парламентын Дээд танхимын дарга М. Штех, БНЧУ-ын ЗГ-ын тэргүүн Б. Соботка болон БНЧУ-ын Парламентын Доод танхимын дарга Я. Хамаачек нарыг хүлээн авч уулзсан юм.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Дамдины Цогтбаатар 2019 оны 5-р сарын 19-21-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Чех улсад албан ёсны айлчлал хийсэн.

Эдийн засгийн харилцаа

[засварлах | кодоор засварлах]

Эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагаа 1950-иад оноос эхлэн хөгжиж геологи, арьс шир, гутлын үйлдвэрийг голлон хамарч, олон жилийн уламжлалтай болсон ба Чехословак нь 1989 он хүртэл Монгол улсын 2-3 дахь түнш байв. Хоёр орны худалдаа 1995 онд 10 гаруй, 1996 онд 9 орчим сая ам.долларт хүрсэн нь өмнөх жилүүдтэй нь харьцуулахад нэлээд өссөн үзүүлэлт юм. Харин бараа эргэлт 1997 онд 7,3, 1998 онд 6,3 сая гаруй ам.доллар болж буурчээ. Бараа эргэлтэд манай импорт зонхилдог бөгөөд эрчим хvчний дизель мотор, автобусны сэлбэг, цементийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, барилгын материал, гэр ахуй, гоо сайхны бараа, ангийн болон спортын буу, суудлын "Шкода" авто машин, хүнс оруулж, харин Чехийн тал зарим жил бага хэмжээний түүхий эд авдаг байна. Хоёр орны хооронд худалдааны нэгэнт хvрсэн түвшнийг хадгалах, Монголын экспортыг сэргээх нь хоёр талдаа цаашид анхаарч байх чухал асуудал юм.

1963 оноос Чехословакийн геологи хайгуулын томоохон 3 экспедиц дараалан БНМАУ-д ажиллажээ. Геологи хайгуулын ажил явуулах, зарим төрлийн эрдэс түүхий эд олборлох, боловсруулах зорилгоор "Монголчехословакметалл" үйлдвэрийг 1980 онд байгуулж, Хэнтий аймгийн Баян мод, Хужихааны цагаан тугалга, Төв аймгийн Чулуут цагаан дэлийн хайлуур жоншны орд газруудыг ашиглаж ирсэн байна. Зах зээлийн шинэ нөхцөлтэй уялдуулан "Монголчехословакметалл" үйлдвэрийг Монгол, Чех, Словакийн хамтарсан 3 талын хувьцаат компани болгон өөрчлөхөөр яриа хэлэлцээ 1991 оноос эхлэн явуулсан.

Манай улс 1956-1990 онд Чехословакаас бүгд 77,5 сая шилжих рублийн урт хугацааны зээл авч, 60 гаруй саяыг нь Улаанбаатарт шеврет, шевро, хром-юфт, том шир, гутлын vйлдвэр, 240 ортой эмнэлэг, механик засварын цех, Баян-Өлгийд ДЦС, Дарханд цементийн завод зэрэг үйлдвэр, газрын зураг төсөл хийх болон тэдгээрийг барьж байгуулах, өргөтгөн шинэчлэхэд ашигласан байна. Эдгээр үйлдвэрийн газрууд нь тухайн үедээ хүчин чадлаараа бүрэн ажиллаж Монгол улсын эдийн засгийн хөгжилд багагүй үүрэг гүйцэтгэсэн билээ. Гэвч 1989 оноос дээрх үйлдвэр, газарт Чехословакийн талаас хэрэгжүүлж ирcэн хамтын ажиллагаа бараг тасарчээ.

"Алтан тариа" ХК-ийн хувьцааны 60 хувийг 1997 онд Чехийн "Ромель" компани 1,2 сая ам.доллараар худалдан авсан байна. ГХОГХА-д Чехийн талын 2,3 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий Монгол, Чехийн 27 хамтарсан компани, аж ахуйн нэгж геологи уул уурхай, эрчим хvч, тээвэр, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, эрүүл мэнд, гоо сайхан, аялал жуулчлалын болон барилгын салбарт ажиллахаар бүртгэгдсэн байна. Тэдгээрийн хагасаас илүүгийн нь дүрмийн сан 50 мянган ам.доллараас их бөгөөд ихэнхийн нь vйл ажиллагаа эхлэлтийн байдалтай байна. Дээрх хамтарсан үйлдвэрүүд дотроос үйл ажиллагаа нь явагдаж буй "Клуб Прага" (454,3 мянган ам.долларын дүрмийн сантай, дээд зэрэглэлийн зоогийн газар, пивоны жижиг vйлдвэр), "Монкрем" компани (220 мянган ам.долларын дүрмийн сантай, гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, гоо сайхны үйлчилгээ, жилд 600 сая төгрөгийн үйлдвэр, үйлчилгээ явуулдаг, бүтээгдэхvvний 25 хувийг Японд экспортолж эхэлсэн), "Эл анд Эн техноложи" (538 мянган ам.долларын дүрмийн сантай, шохойн үйлдвэр, барилгын бусад дагавар материал үйлдвэрлэх зорилттой, зарим дагавар материалаа үйлдвэрлэж эхэлж буй).

Монголтой худалдаа хийдэг, мөн төсөл хэрэгжүүлж, барилга байшин барьж засварладаг "Алфакон Прага", "Евросаунд", "ЕвроАзи" зэрэг Чехийн пүүс, компаниуд байдаг. Тэдгээрийн эздийн зарим нь социализмын vед Монголтой хамтран ажиллаж байсан, Монгол улсыг мэддэг хүмүүс юм. Тухайлбал, "Алфакон Прага" компани Орхон аймагт хоногт 12-17 тн гурил үйлдвэрлэх 2 үйлдвэр, жилдээ 5 сая литр пиво исгэх үйлдвэр, Эрдэнэт, Хөтөл хотуудад цагт 150 кг талх, нарийн боов хийх 2 цех, Улаанбаатарт "Их гүн" компанид автосалон, "Тэргүүн трейд" компанид хоногт 3000 литр спирт нэрэх үйлдвэр зэргийг гэрээгээр барьж байгуулалцан, тоног төхөөрөмжийг оруулж угсарчээ. Мөн 1996 онд Дэлхийн банкны тендерт шалгарч, Кароса автобусны сэлбэгийг 1,2 сая ам. долларт оруулж иржээ.

Чех улс нь Эдийн засаг, хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагын гишүүн болсон Зүүн Европын орнууд дотроос Монголд хөгжлийн тусламж үзүүлж эхэлсэн орон юм.

Чех улсаас Монголын хөгжилд туслах зорилгоор үзүүлсэн буцалтгүй тусламж 1996-1998 онд нийт дүнгээрээ 17.5 сая крон буюу ойролцоогоор 550.0 мянган ам.доллар орчим болж байна. Энэхүү тусламж нь арьс шир, гутлын vйлдвэрлэл, эрүүл мэндийн болон геологийн салбарт зориулагдсан байна.

Чехийн Засгийн газар Монгол Улсад 1999 онд 10.0 сая чех кроны (287.0 мян. ам.долл.) буцалтгүй тусламж үзүүлэх болсон бөгөөд уг тусламжийн 4.0 сая (116.0 мян.ам.дол) кроныг Улаанбаатар хотын клиникийн 1 дүгээр эмнэлгийн засвар, шинэчлэлийн төслийг үргэлжлүүлэхэд 6.0 сая (171.0 мян. ам.дол) кроныг Алтайн цаадах Говьд геологийн судлагааны төслийг хэрэгжүүлэхэд зориулжээ. Клиникийн 1 дүгээр эмнэлгийн засвар, шинэчлэл хийхэд ашиглах нөхцөл, зарчмын тухай хэлэлцээрийг Чехийн Худалдаа аж үйлдвэрийн яам, Праг дахь ЭСЯ хооронд 1999.09.27-нд байгуулсан.

Чех Монголын хоорондын техникийн туслалцаа үзүүлэх, геологийн салбарын хамтын ажиллагааны төслийн хүрээнд Алтайн цаадах Говьд 1:200000-ын масштабын геологи-геохимийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг 1999-2001 онд явуулах гэрээг Чехийн Байгаль орчны яам болон Монголын Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын хооронд байгуулан амжилттай хэрэгжүүлсэн болно.

Монголын хөгжилд туслах зорилгоор Чех улсын Засгийн газраас үзүүлж буй буцалтгүй тусламжийн хэмжээ 2003 оноос нэмэгдэж жилд ойролцоогоор 2 орчим сая ам.доллар болсон.

Соёлын харилцаа

[засварлах | кодоор засварлах]

Энэ салбарт хоёр орон өргөн харилцаатай байв. Монголын соёлын өдрүүд Чехословакт 1981 онд, Чехословакийн соёлын өдрvvд Монгол улсад 1983 онд зохиогджээ.

1955 оноос Чехословакийн их, дээд сургуулиудад монгол оюутан сургаж эхэлснээс хойш 300 гаруй хүн дээд боловсрол эзэмшиж, 30 орчим нь эрдмийн зэрэг хамгаалжээ. 1989 оныг хүртэл жил тутам 40 гаруй оюутан, техникумын сурагч болон мэргэжил дээшлүүлэгч, аспирант нарыг хүлээн авч байв.

Одоо Чехийн Засгийн газрын зардлаар жил бүр манай 11 оюутан, 5 аспирант суралцаж байна.

МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Европ судлалын тэнхимд чех хэлний сонгон сургалтын анги, Праг хотын Карлын их сургуульд 1977 онд монгол судлал, монгол хэлний анги нээгджээ.

Иргэдийн харилцаа

[засварлах | кодоор засварлах]

"Чех ба Словакт сургууль, курс төгсөгчдийн холбоо" 1997 онд, "Монгол-Чех-Словакийн найрамдлын нийгэмлэг" 1991 онд Монголд, "Монголын анд нөхдийн нийгэмлэг" 1990 онд Чехэд тус тус байгуулагдсан.

Монгол Улсаас Чехэд суугаа

[засварлах | кодоор засварлах]
д/д Элчин сайдын нэр Итгэмжлэх жуух бичгээ хэнд, хэзээ өргөн барьсан Цол Нутаг буцсан он, сар, өдөр Сууж байсан хот
1. Дашийн Адилбиш БНЧСУ-ын ерөнхийлөгч Антонин Запотоцкийд 1953 оны 5 сарын 12-нд Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд 1956.6.3 Москва
2. Сандивын Равдан БНЧСУ-ын ерөнхийлөгч Антонин Запотоцкийд 1956 оны 7 сарын 4-нд Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд 1959.10.25 Праг
3. Шадавын Цагаандорж БНЧСУ-ын ерөнхийлөгч Антонин Новатныйд 1959 оны 10 сарын 25-нд Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд 1964.10.12 Праг
4. Баярын Жаргалсайхан БНСЧСУ-ын ерөнхийлөгч Антонин Новатныйд 1964 оны 10 сарын 23-нд Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд 1967.9.7 Праг
5. Жамбын Нямаа БНСЧСУ-ын ерөнхийлөгч Антонин Новатныйд 1967 оны 9 сарын 8-нд Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд 1973.10.3 Праг
6. Зандангийн Энэбиш БНСЧСУ-ын ерөнхийлөгч Людовик Свободад 1973 оны 10 сарын 4-нд Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд 1978.9.27 Праг
7. Өлзийн Дорж БНСЧСУ-ын ерөнхийлөгч Густав Гусакад 1978 оны 9 сарын 27-нд Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд 1983.12.10 Праг
8. Ёндонгийн Очир БНСЧСУ-ын ерөнхийлөгч Густав Гусакад 1984 оны 4 сарын 4-нд Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд 1988 Праг
9. Жамсрангийн Дулмаа БНСЧСУ-ын ерөнхийлөгч Густав Гусакад 1988 оны 11 сарын 9-нд Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд 1991.8.13 Праг
10. Пэрэнлэйн Нямаа ХБНЧСУ-ын ерөнхийлөгч Вацлав Хавелд 1991 оны 9 сарын 26-нд Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд 2001.9.13 Праг
11. Н.Нямжав Түр хамаарагч 1995 1997 Праг
12. Н.Жаргалсайхан Түр хамаарагч 1997 2001 Праг
13. Шижээхүүгийн Одонбаатар БНЧУ-ын ерөнхийлөгч Вацлав Хавелд 2001 оны 11 сарын 23-нд Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд 2006.3.21 Праг
14. Очирын Энхтөр БНЧУ-ын ерөнхийлөгч Вацлав Клауст 2006 оны 3 сарын 21-нд Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд 2009.10.15 Праг
15. Сүрэнгийн Цоггэрэл БНЧУ-ын ерөнхийлөгч Вацлав Клауст 2009 оны 12 сарын 9-нд Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд 2013 Праг
16. Дорждамбын Зүмбэрэллхам БНЧУ-ын ерөнхийлөгч Милош Земанд 2013 оны 6 дугаар сарын 13-нд Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд 2017 Праг
17. Нямаагийн Наранбат БНЧУ-ын ерөнхийлөгч Милош Земанд 2017 оны 3 дугаар сарын 15-нд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд 2021 Праг
18 Дамдины Гансүх БНЧУ-ын Ерөнхийлөгч Милош Земанд 2021 оны 12 дугаар сарын 20-нд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Праг