Jump to content

Парисын метро

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Парисын метро (франц. Métro de Paris, «нийслэлийн төмөр зам» франц. chemin de fer métropolitain; «метрополитен» болон «метро» гэх үг нь Парисын метроны ачаар дэлхийд дэлгэрсэн юм) - Парис хотын газар доорх нийтийн тээврийн систем.

Парисын метроны схем

Метро руу орох хаалга дээр "М" гэсэн том үсгээр тэмдэглэсэн байдаг. Метроны сүлжээ нь Парис хот болон түүний захын дүүргүүдийг хамардаг байна. Метро нь харьцангуй гүн доор бус гүехэн байдаг харин Францын нийслэлээр дамжин өнгөрөх болон дамжин өнгөрөх RER галт тэрэгний сүлжээ (A, B, C, D, E) нь арай гүн доор байдаг ажээ.

Метроны ихэнх хэсэг нь газар доор 214 километр урт 16 шугам бүхий 304 өртөөтэй. Эдгээр өртөөнүүдийн 64 нь шугам шилжих өртөө юм. Метроны газрын зураг дээр шугамнуудыг дугаар болон өнгөөр ялгасан байдаг бөгөөд чиглэлийг эцсийн өртөөний нэрээр тэмдэглэдэг байна.

Парисын метро

Парисын метро нь Европт хамгийн их ачаалалтай метроны нэг бөгөөд дэлхийд ачаалалаараа аравдугаарт ордог байна. 2015 онд 1.520 тэрбум зорчигч тээвэрлэж, өдөрт 4.16 сая зорчигч тээвэрлэсэн нь Парис хотын нийт зорчигч тээврийн 20 хувийг эзэлдэг байна.

Парисын метро нь Лондон, Будапешт болон Глазгоу хотуудын дараа баригдсан Европ дахь ууган метронудын нэг юм.

Парисын метроны эхний шугамыг "1900 оны Дэлхийн үзэсгэлэн"-д зориулж барьж албан ёсны нээлтээ 7-р сарын 19-нд хийсэн ажээ. Дэлхийн 2-р дайн хүртэл метроны сүлжээ Парист хурдацтай хөгжиж, 1920-иод онд метроны системийн төв хэсэг бэлэн болсон бол 1930-аад онд хотын захын өргөтгөлүүдийг барьжээ. Дайны дараах үед метроны вагонууд шинэчлэгдсэн нь зорчигчдын урсгалыг нэмэгдүүлэх боломжтой болсон.

Парисын метро 1969 онд хот хоорондын галт тэрэгний сүлжээтэй холбогдсон байна.

Ихэнх вагонуудын хаалга автоматаар нээгддэггүй, зорчигч хаалган дээрх ногоон товчлуурыг дарсны дараа эсвэл хаалганы өмнө бэхлэгдсэн төмөр хөшүүргийг дээш өргөсний дараа л нээгддэг.

Парисын метро ажлын өдрүүдэд 5:30-1:15 цагийн хооронд Баасан, Бямба, Ням гаригуудад метро шөнийн 02:15 цаг хүртэл ажилладаг цагийн хуваарьтай.