Jump to content

Хачико (нохой)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хачико (япон. ハチ公 Хачико:) -Япончуудын дунд үнэнч нөхөрлөлийн бэлэг тэмдэг болсон акита үйлдрийн нохойны нэр.

Шибуяа өртөөн дахь Хачико нохойны хөшөө

Болсон үйл явдал

[засварлах | кодоор засварлах]

Хачико нэртэй нохой 1923 оны 11-р сарын 10-нд японы Акита мужид хөдөө аж ахуй эрхлэгчийн фермд төржээ. Фермер шинээр төрсөн гөлөгийг Токиогийн Их сургуулийн профессор Хидэсабуро Уэно-д бэлэглэсэн байна. Профессор гөлөгөндөө Хачико гэж дуудах болжээ. Учир нь энэ бол профессорын найм дахь нохой байсан тул -хачи (япон. ハチ, «найм») + дагвар (япон. 公 ко:) гэж нэрэлсэн байна. Хачико өсч эзэндээ үнэнч болж түүний хаа явсан газар нь дагаж явдаг болжээ.

Профессор багш өдөр бүр хот руу ажилдаа Шибуяа өртөөнөөс явахад Хачико нохой буудлын хаалга хүртэл үдэж өгөөд эзнээ өдрийн 3 цагт ажлаа тараад эргэж ирэхэд нь тэндээ тосч авдаг уламжлалтай байжээ.

1925 оны 5-р сарын 21-нд их сургуулийн профессор ажил дээрээ цус харваж, эмч нар түүний амийг аварч чадаагүй тул дахин гэртээ эргэж ирээгүй юм. Хачико нохой тэр үед арван найман сартай байжээ. Тэр өдөр бүр хайртай эзнээ хүлээж буудал дээр ирж, орой болтол тэвчээртэй хүлээж шөнөдөө эзнийхээ гэрийн өмнө хонодог байжээ.

Нас барсан профессорын найз нөхөд, хамаатан саднууд нохойг гэртээ авч асрах гэж оролдсон ч тэр үргэлж Шибуяа өртөөний үүдэнд буцаж ирж хүлээдэг байжээ. Тэр хавийн худалдаачид, төмөр замын ажилчид Хачиког хооллож, түүний тэвчээр, үнэнч байдлыг биширдэг байжээ.

1932 онд Токиогийн томоохон сонинд "Хөгшин нохой долоон жилийн өмнө нас барсан эзнээ эргэж ирэхийг хүлээж байна" гэсэн нийтлэл хэвлэгдсэний дараа энэ нохой Япон даяар алдаршжээ. Энэ түүх япончуудын зүрх сэтгэлийг байлдан дагуулж, сониуч хүмүүс нохойг харахаар Шибуяа өртөөнд ирдэг болжээ.

Хачико нохой 1935 оны 3-р сарын 8-нд хөгширч нас барах хүртлээ Шибуяа өртөөн дээр есөн жилийн турш ирж эзнээ хүлээдэг байсан гэдэг. Хачико-г үхсэний дараа өртөөний ойролцоох гудамжнаас олсон байна.

1934 оны 4-р сарын 21-нд Хачико нохойд зориулж алдартай барималч Тэру Андо-гийн хийсэн хүрэл хөшөөг босгож, нээлтэд нь нохой өөрөө оролцсон байдаг. Дэлхийн 2-р дайны үеэр хөшөөг устгасан - хөшөөний төмөр нь цэргийн хэрэгцээнд зориулагджээ. Дайн дууссаны дараа 1948 оны 8-р сарын 15-нд хөшөөг сэргээн босгосон байна.

Өдгөө Шибуяа өртөөний ойролцоох Хачико нохойны хөшөө дуралсан хосуудын болздог алдартай газар болсон бөгөөд Японд нохой харамгүй хайр, үнэнч байдлын үлгэр жишээ болжээ.

Хачико нохойны гайхалтай түүхээр 1987 онд «Хачикогийн түүх» (япон. ハチ公物語) гэдэг нэртэй кино хийжээ.