Хэшэнь
Хэшэнь (Манж хэл: ᡥᡝᡧᡝᠨ, галиг:Hešen; хятадаар: 和珅; пиньинь: Héshēn) (1750 оны 7 сарын 1 - 1799 оны 2 сарын 22) бол манжийн шулуун улаан хошууны ниохуру овгоос гаралтай Чин гүрний төрийн сайд бөгөөд Тэнгэрийн тэтгэсэн хаанд итгэгдсэн нэгэн. Тэрбээр төрийн сайд байх үедээ их хэмжээний авилгал авч байсан гэдгээрээ түүхэнд тодоор бичигдэж үлдсэн. Тэнгэрийн тэтгэсэн хааны дараа Сайшаалт ерөөлт хааны зарлигаар түүнийг албан тушаалаас нь огцоруулж, хөрөнгийг нь битүүмжилж шалгахад 1 тэрбум 1 зуун сая лан мөнгө (орчин үеийнхээр 270 тэрбум гаруй доллар), 2790 өрөө тасалгаатай орд харш, их хэмжээний тариалангийн газар болон бусад зүйлсийг хураасан нь манжийн түүхэнд тохиосон хамгийн том авилгалч түшмэлийн хэрэг юм. Эдгээр их хэмжээний хөрөнгө нь тухайн үеийн Чин гүрний төсөвөөс давж байсан.
Хэшэний төрсөн нэрийг Шаньбао (Shan-pao; 善保) гэж байсныг хожим Хэшэнь гэх шинэ нэр авчээ. Өргөсөн нэр нь Жызай (Chih-chai; 致齋).
Товч түүх
[засварлах | кодоор засварлах]Хэшэнь болбоос манжийн шулуун улаан хошууны цэргийн түшмэл Чанбогийн гэрт төрж, төрийн сургуульд сурч, манж, монгол, хятад, төвөд хэлийг эзэмшээд, 1772 оноос хориотой хотын эзэн хааны харуул албаны 3-р дэсийн хиа болсон. 1775 онд тушаал дэвшиж, шулуун хөх хошууны мэйрэний занги буюу дэд дутун болсон. 1777 оны 3 сард тушаал дэвшиж цэргийн зөвлөлийн сайд болсон. Тэрбээр төрийн албанд ажиллах эхэн үедээ аливаа үйлд ажилч хичээнүй, чигч шудрага байж, орон нутагт гарч байсан авилгалын хэргийг хянаж шийтгэхдээ хуулийн дагуу хэрэгжүүлж байжээ. Иймээс Тэнгэрийн тэтгэсэн хаанд ивээгдэж, улс төрийн чухал албан тушаалд томилогдож байсан. Гэвч нэр алдарт хүрэх тусам хууль бусаар хөрөнгөжиж, төрийн болон иргэний хөрөнгийг шамшигдуулан, хувьдаа хөрөнгө хураах, худалдааны пүүс байгуулах, хөрөнгө оруулах, уурхай нээж ажилуулан бусдын хөрөнгийг эрх мэдлээрээ сүрдүүлэн булаах зэргээр баян чинээлэг болсон нь Чин гүрний түүхэнд түүншиг баян чинээлэг сайд дахин гараагүй. Түүнийг дэмжигч гэх сайд түшмэдийн оролцоотойгоор төрийн сангаас их хэмжээний хөрөнгө хулгайлж, зарим үед орон нутагт гарсан байгалийн гамшиг, өвчин тахалд зориулж төсөвлөсөн хөрөнгийг хувьдаа зарцуулж байжээ.
1790 онд Хэшэний ганц хөвүүн Фэншэниндэг Тэнгэрийн тэтгэсэн хааны 10-р охин гүрүн хэшяо гүнжтэй хуримлуулсан. 1796 оны 2 сард Тэнгэрийн тэтгэсэн хаан өөрийн сэнтийг 15-р агь Ёнянд шилжүүлээд тайшан хуанди буюу дээд эзэн хаан хэмээж, орчин үеийн ойлголтоор тэтгэвэрт гарчээ. 1799 оны 2 сарын 7 нд Тэнгэрийн тэтгэсэн хаан нас барсны дараа залуу хаан Ёняны зарлигаар Хэшэний эсрэг 20 зүйл ангиар буруутган ял тулгаж, бүх эрх мэдэл, албан тушаалыг хураан авч, гэрийн хорионд оруулж, гэрийн эд хөрөнгийг нь битүүмжилсэн. Харин түүний хөвүүн Фэншэн Индэ нь өмнөх хааны 10-р гүнжтэй хуримласан байсан тул Хэшэньд амиа хорлох ял тулгажээ. Ингээд 2 сарын 22 нд өөрийн гэртээ алтан утаст торгоор амиа хорлон үхсэн. Орд өргөөг нь гун чин ванд өгсөн нь өнөө үе хүртэл хадгалагдаж ирсэн.
"᠋᠋᠋᠋᠋᠋᠋Сайшаалт ерөөлт хааны зарлигаар хөрөнгийг нь хураасныг бүртгэсэн нь: 2790 өрөө бүхий орд харш, 12000 акр тариан талбай, 10 банк, 10 зээлийн пүүс, 58000 лан шижир алт, мянган 100 алтан ембүү, зуун лангийн мөнгөн ембүү 56,600 ширхэг, арван лангийн мөнгөн ембүү 5,830,000 ширхэг, гадаадын мөнгөн ембүү 58000 нэгж, зэс зоос 1,500,000, Гирин мужийн дээд зэргийн хүн орхоодой 300 кг, хаш эдлэл 1200 ширхэг, сувдан бугуйвч 230, том сувд 10, том эрдэнийн чулуу 10, нарийн ширхэгт торго 14300 боодол, хонины ноосон хувцас 20,000, үнэгний арьс 550, элбэнхний арьс 850, хонь ямааны арьс 56000, дөрвөн улирлын бүрэн хувцас 7000 гаруй, нэрт мастеруудын урласан шаазан ваар 100,000 гаруй, эрдэнийн шигтгээтэй алтан ор 24, европын дээд зэрэглэлийн цаг 460 болсныг тухайн үеийн ханшаар тооцоход 1,100,000,000 лан мөнгө болсон нь Чин гүрний 15 жилийн төсөвтэй тэнцэж байв."
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]- Эцэг: Чанбо (常保), Фужянь мужийн цэргийн дэд дутун (福建副都統)
- Эх: Уми овогтон (伍彌氏), Умитайгийн охин.
- Дүү: Хэлинь (和琳) (1753 – 1796) нь төрийн түшмэл байсан. Татара овогтонтой (他他拉氏) гэрлэсэн. Сулингагийн охин. Тэднээс Фэншэн Имянь гэх ганц хөвүүн, 2 охин төрсөн.
- Эхнэр: Фэн Живэнь (馮霽雯), Фэн Инляний ач охин. Хэшэньд 2 хөвүүн, 3 охин төрүүлсэн.
- Бага эхнэр: Чан овогтон (長氏)
- Хөвгүүн:
- Фэншэниндэ (豐紳殷德) (1775 – 1810), гүрний Хэшяо гүнж (固倫和孝公主)-тэй гэрлэсэн.
- хоёрдугаар хөвүүн (1794–?)
- Охин:
- 3 охин төрснөөс, бага охин нь Чүнь чин ван Ёнюний их ахайтан болсон.