Ламжавын Гүндалай
Ламжавын Гүндалай нь (1963 оны 11 сарын 12-нд Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрсөн) нь Монголын улс төрч юм. Тэрээр 2000 оноос хойш Улсын Их Хуралд Хөвсгөл аймгаас нэр дэвшин, 3 удаа дараалан сонгогдоод байгаа бөгөөд 2006 оны 1 сараас 2007 оны 1 сар хүртэл Засгийн Газрын гишүүн, Эрүүл Мэндийн Яамны сайдаар ажиллаж байв.
1982 онд дунд сургуулиа дүүргээд Зүүн Германы Халле хотын Мартин-Лютерын нэрэмжит Халле-Виттенбергийн Их Сургуульд 1984-1991 онд суралцаж, эмчийн мэргэжил эзэмшжээ. Сургуулиа төгсөөд бизнест хөл тавьж, ГМЕТ, Батсарай компаниудыг байгуулан ажиллаж байгаад 2000 оны УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймгийн 45-р тойрогт бие даан нэр дэвшиж ялалт байгуулжээ. Гүндалай УИХ-ын гишүүн болсныхоо дараа Ардчилсан Намд элсэж, тухайн үед түүнийг оролцуулаад хоёрхон суудалтай болоод байсан Ардчилсан Намын дуу хоолойг УИХ-ын танхимд хүргэж байлаа. Тэр бүрэн эрхийнхээ эхний хугацаанд тухайн үеийн Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Цэндийн Нямдоржийг гадаадын тагнуул гэх нууц бичиг баримтыг олсон хэмээн мэдэгдэж, Нямдоржтой зөрчилдөж байв. Түүний талаар Нямдорж шүүхэд гомдол гаргаж, 2003 оны 4 сард Сөүл уруу нисэх гэж байхад нь цагдаа нар Гүндалайг баривчилсан дуулиан дэгдэж байсан.
2004 онд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдсоноосоо хойш Эрүүл Мэндийн Сайд болох хүслээ ил тод илэрхийлж байсан түүнийг эвслийн засгийн газрын бүрэлдэхүүнд багтаасангүй. Тэр 2005 онд Ард Түмний Нам хэмээх шинэ нам байгуулж, 2006 онд бий болсон М.Энхболдын засгийн газарт хүссэн суудлаа авчээ. Гэвч төрийн мэдлийн эмнэлгүүдийн дарга нарыг өөрчилсөн түүний тушаалыг эсэргүүцэгчдийн тэмцэл жилийн дараа түүнийг сайдын албан тушаалаасаа огцроход хүргэв.
Гүндалай 2008 оны 4 сард Ардчилсан Намд буцаж элсэн, мөн онд болсон УИХ-ын сонгуульд оролцож ялалт байгуулан 2012 он хүртэл ажилласан. 2009 оны 6 сард тэрээр ЭМЯ-ны дэд сайд Ж.Цолмонтой муудалцсан явдал нь хэвлэлүүдийн бай болсон.
2012 оны УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймагт нэр дэвсэн ч сонгогдож чадаагүй.
2015 онд дахин Ардчилсан Намаас гарч, Ард түмнээ хайрлая хэмээх шинэ намыг байгуулж, 2016 оны Улсын Их Хурлын сонгуульд Баянзүрх дүүрэгт нэрээ дэвшүүлж өрсөлдсөн ч ялж чадаагүй.2020 онд хөвсгөл нэр дэвшсэн ч ялагдсан