Андрей Сахаров
|
Андрей Дмитриевич Сахаров (Орос: Андре́й Дми́триевич Са́харов, 1921 оны 5 сарын 21 - 1989 оны 12 сарын 14) нь Зөвлөлт Холбоот Улсын эсрэг тэрс үзэлтэн, цөмийн физикч, физикийн ухааны доктор эрдэмтэн.
ЗХУ дахь устөрөгчийн бөмбөгийг бий болгох үйлст гар бие оролцож, "ЗХУ-ын устөрөгчийн бөмбөгийн эцэг" хэмээн нэрлэгдэж байсан боловч хожим социализмын эсрэг, хүний эрхийн төлөө тэмцэгч болсон. "Өөрчлөн байгуулалт"-ын эцэг гэж ч бас нэрлэгддэг бөгөөд хүний эрхийн төлөөх тэмцлээрээ Нобелийн шагнал хүртсэн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1921 оны 5 сарын 21-нд Москвад төржээ.
1938 онд Москвагийн Улсын Их Сургуульд элсэн орж, 1942 онд төгссөн байна. Эх орны дайны үед ЗСБНТуркмен Улс (одоогийн Туркменистан)-ын Ашхабадад ажиллаж байгаад Ульяновскт суурьшиж судалгаа шинжилгээний ажлаа үргэлжлүүлж байв. 1945 онд Москвад буцан ирж, ЗХУ-ын ШУА-ийн физикийн судалгааны хүрээлэнгийн онолын физикийн тасагт ажиллаж эхлэв.
1947 онд физикийн ухааны докторын зэрэг хамгаалсныхаа дараа 1948 оноос эрдэмтэн Игорь Курчатовын удирдлаган дор цөмийн бөмбөг зохион бүтээх төсөлд оролцож байсан юм.
1949 оны 8 сарын 29-нд ЗХУ анхны цөмийн бөмбөгөө хийсэн бөгөөд улмаар устөрөгчийн бөмбөгийн судалгааны ажлыг эхлүүлж, 1953 оны 8 сарын 12-нд хийж гүйцэтгэжээ. Ийнхүү Сахаров 32-хон насандаа ЗХУ-ын ШУА-ийн жинхэнэ гишүүн болж, социалист хөдөлмөрийн баатар цолоор шагнуулав. Гэвч цөмийн туршилт нь байгаль орчинд ихээхэн хор хөнөөлтэй болохыг ухаарсан тэрээр ЗХУКН-ын 1-р нарийн бичгийн дарга Никита Хрущёвт цөмийн туршилтаа зогсоохыг зөвлөж байжээ.
Түүний үр дүнд 1963 онд Цөмийн туршилтыг хэсэгчлэн хориглох тухай гэрээ байгуулагдсан юм.
1960-аад оны сүүл үеэс ил тод байдал, ардчиллын талаар дуугарах болсон тул 1968 оноос түүнийг цэргийн судалгааны ажил болон ШУА-ын ажлаас чөлөөлсөн байна. Улмаар ардчиллын төлөөх үйл ажиллагаагаа эрчимжүүлж эхэлсэн түүнийг 1975 онд Нобелийн шагналаар шагнахтай зэрэгцүүлээд ЗХУ-д түүнийг гутаан доромжлох зохион байгуулалттай үйл ажиллагаа явагдаж байсан аж.
Эцэстээ 1980 онд ЗХУ Афганистанд цэргээ оруулсныг буруушаасан мэдэгдэл хийсний дараа 1 сарын 22-нд бүх алдар гавъяа, одон медалиа хураалгаж, одоогийн Доод Новгород хотод цөлөгдсөн байна.
1986 онд Михайл Горбачев түүнийг цөллөгөөс суллаж, Москва руу буцаасан байна. Нийслэлд буцаж ирсэн Сахаров перестройка буюу өөрчлөн байгуулалтын үйл хэрэгт идэвхтэй оролцож байгаад 1989 оны 12 сарын 14-нд зүрхний шигдээсээр нас нөгчжээ.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Andrei Sakharov: Soviet Physics, Nuclear Weapons, and Human Rights. Web exhibit at the American Institute of Physics.
- Andrei Sakharov: Photo-chronology
- "Andrey Dmitriyevich Sakharov". Timeline of Nobel Winners.
- David Holloway on: Andrei Sakharov.
- Andrei Sakharov Museum in Moscow Virtual Tour.
- Annotated bibliography of Andrei Sakharov from the Alsos Digital Library.
- Sakharov and SETI.
- Collection of biographical works dedicated to Andrei Sakharov.
- Sakharov Archive (Russian)
- Sakharov Museum and Public Center: Peace, Progress and Human Rights (Russian)
- Андрей Дмитриевич Сахаров
- Энхтайвны Нобелийн шагналтан
- Зөвлөлтийн социалист хөдөлмөрийн баатар
- 20-р зууны физикч
- ЗХУ-ын тэрс үзэлтэн
- Оросын Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Францын Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Лениний нэрэмжит шагналтан
- Сталиний нэрэмжит шагналтан
- ЗХУ-ын дарангуйллын хэлмэгдэгч
- Кэйо их сургуулийн хүндэт доктор
- АНУ-ын Урлаг ба Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- АНУ-ын Гүн Ухааны Нийгэмлэгийн гишүүн
- Зөвлөлтийн атомын бөмбөгийн төслийн хүн
- Зөвлөлтийн иргэн
- Оросууд
- 1921 онд төрсөн
- 1989 онд өнгөрсөн